ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Theguardian.com: Монголын боловсролтой эмэгтэйчүүд нөхрийн эрэлд хатаж байна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-27

Монголын жендэрийн тэгш бус байдал, нийгэмд хэвшсэн ойлголтын улмаас өндөр боловсролтой эмэгтэйчүүдэд өөрсөдтэй нь адил боловсрол, мэдлэгтэй нөхөр олддоггүй  талаарх нийтлэл “The Guardians.com” сайтад нийтлэгдсэн байна. Тус нийтлэлийг орчуулан хүргэж байна. 

Улаанбаатар хотын төвд байрлах нэгэн бааранд хошин үзүүлбэр үзүүлэх “UB Comedy Club” –ын үзэгчдийн ихэнх нь эмэгтэйчүүд байх аж. Тэд ихэвчлэн  ажил хэрэгч хувцасласан байх бөгөөд  ажлаа тарсан ганц бие эмэгтэйчүүд ганц, хоёр шар айраг шимэнгээ тайзан дээрх монгол залуугийн инээдмийн үзүүлбэрийг үзнэ.  Залуу “Бүх эмэгтэйчүүд үзэсгэлэнтэй” гэж хэлэхэд, танхимын урд эгнээнд суусан цөөн тооны эрчүүд толгой дохиж байв. 

Харин “Тэд сайн найзууд байж чаддаг. Бас тэд галзуу” гэж өнөөх залуу хэлэхэд хэсэг залуус инээмсэглэх авч, танхим бүхэлдээ чимээгүй болж байлаа. Тэнд хоёр найзынхаа хамт ирсэн 31 настай сэтгүүлч Ж.Мандхай “Лоунж, паб, шөнийн цэнгээний газар, ер нь хаана ч очсон үйлчлүүлэгчдийн ихэнх нь эмэгтэйчүүд байдаг” хэмээв. 

Сүүлийн хэдэн арван жилийн турш монголчууд охидынхоо боловсролд илүүтэй хөрөнгө оруулалт хийж, тэднийг хот руу их, дээд сургуульд явуулан сургах болжээ. Зарим эцэг, эхчүүд өтөлж хөгшрөхийн цагт охид нь илүү дэм болно гэж үздэг бол зарим хэсэг нь мал маллах нь эрчүүдийн ажил тул эмэгтэйчүүд бусад ур чадварыг эзэмших хэрэгтэй гэж үздэг байна. Тиймээс хөвгүүд нь гэртээ үлдэж, малаа малладаг аж. Энэ чиг хандлага нь Монголын “Жендэрийн ялгаа”-г бий  болгож байгаа юм. Үүний улмаас одоо эмэгтэйчүүд эрчүүдээсээ илүү боловсролтой болсон. Тэд ажилгүй байх магадлал бага. Мөн эмэгтэйчүүдийн дундаж наслалт эрчүүдийнхээс 10 гаруй жилээр их. Хотод өндөр боловсрол эзэмшсэн бүсгүй өөрийн төвшний боловсролтой, амжилттай яваа залууг олох  сонирхолтой байдаг байна. 2016 оны байдлаар шинээр гэр бүл болох явдал арван жилийн өмнө 22.9 байснаас 8.9 хувь болтлоо буурчээ. 

Түүнчлэн, хотын эмэгтэйчүүд өөрсдөд нь тохирох эрчүүд олдохгүй байгаад гомдоллодог. Тэр нь ч зөв. Монголын гурван сая иргэдийн тал нь эрэгтэй. Улаанбаатар хотын хувьд эмэгтэйчүүд давамгайлдаг бөгөөд их сургууль, ажлын байранд ч бүсгүйчүүд давамгайлж байна. Харин орон нутгийн эрчүүдийн 40 хувь нь 15-аас дээш насандаа гэрлэсэн байгаа бол эмэгтэйчүүдийн 32 хувь  нь гэрлэжээ. Монгол бүсгүйчүүд 29 хүрэхээсээ өмнө хүнтэй гэрлэх, эсвэл карьер хөөх  гэсэн соёлын дарамттай  тулгардаг бөгөөд эмэгтэйчүүдийн хувьд нас нь явах тусам эрчүүдэд тавих шалгуур нь өөрчлөгддөг аж. Энэ жил 39 настай Зола эдийн засагч мэргэжлээр гадаадад мастер хамгаалан, эх орондоо ажиллаад хэдэн жилийн нүүрийг үзэж  буй ч нөхөртэй болж чадаагүй байна. Тэр найз нөхдийнхөө санал болгосон хүнтэй уулзаж, болзоонд явахаас  гадна, бүр бөө дээр ч очиж үзжээ. 

Гэвч, тэр эрчүүдэд тавих өндөр шалгуураа намсгахаас өөр сонголтгүй болсон гэнэ. Тэрбээр “Надад одоо их мөнгө олдог, өндөр боловсролтой эсэх нь  хамаагүй. Зөвхөн намайг хүлээн зөвшөөрдөг, сайхан сэтгэлтэй нэгэн байвал болох нь тэр” гэв. 

Энэ бол ердөө л нэг тоо биш. Олон хүмүүс эл хандлага болон хүлээлтийг үл тоомсорлодог. “Олон монгол бүсгүй энэ бүхэн дан ганц өөрсдийнх нь буруу гэж үздэггүй. Монголын нийгэм охидод багаас нь “заавал амжилтад хүрэх ёстой” гэсэн ойлголт өгдөг ч амжилтад хүрсэн, боловсролтой болсон хойно нь тохирох  нөхөр олох нь тэр бүгдээс ч хэцүү болсон”  гэж нийгмийн асуудлаар голлон бичдэг нийтлэлч А.Алимаа өгүүлэв.

Энэ жил 32 настай бизнес эрхлэгч Ц.Мандухай “Эрчүүд намайг өөрсөдтэй нь бизнесийн санаа бодлоо хуваалцахад тийм ч нааштай хүлээж авдаггүй. Манай эмэгтэй, эрэгтэй найзууд ч  чимээгүй байх эсвэл тэнэг юм шиг царайлж, олон асуулт асуухыг  зөвлөдөг” хэмээсэн юм. Дэлхийн банкнаас өнгөрөгч гуравдугаар сард явуулсан судалгааны дүнгээс үзвэл, Монголын 20 гаруй насны бүсгүйчүүд эрчүүдээсээ илүү амбицтай байжээ. Зарим эмэгтэйчүүд боловсролдоо хэт их анхаарсан нь  тэднийг нөхөртэй болж чадахгүй байх эрсдэлийг нэмэгдүүлсэн гэж үздэг байх юм. 

Улс төрийн шинжлэх ухаанаар суралцдаг 19 настай Г.Булганчимэг “ Залуус, ангийн хөвгүүд гээд бүхий л эрэгтэйчүүд богино банзал өмссөн охидын араас элдэв үг хэлдэг” гэсэн юм. Тэр тийм эрчүүдтэй хэзээ ч гэрлэхгүй гэж боддог гэнэ. Энэ тухайгаа  тэрбээр “Эмэгтэй хүнийг хүндэлдэггүй тийм эрчүүд ирээдүйд ямар нөхөр болох нь тодорхой” гэж Г.Булганчимэг ярив. Жендэрийн тэгш бус харилцаа ийм байдалд хүрэхэд улс төрийн байдал ч хамаатай хэмээн Говьсүмбэр аймгийн эрэгтэйчүүдийн холбооны тэргүүн Т. Болдбаатар хэлсэн юм. 1990 оноос хойш коммунизм задран олон компани, үйлдвэрүүд хаагдаж олон мянган эрчүүд ажилгүй болсон. Үүнээс үүдэн архидалт эрчүүдийг нөмөрсөн юм.

 Харин нөгөө талд эмэгтэйчүүд баталгаатай ажлын байрны төлөө өндөр боловсролтой болж байгаа аж.  Улаанбаатарын төвд байрлах Солонгос кофены сүлжээ “Кафе Бене”-гийн бараг бүх ширээнд залуу бүсгүйчүүд сууна. Нэг бүсгүй сандал дээр суугаад, утсаа оролдох бол өөр нэг нь ном уншиж, зарим нь зөөврийн компьютер дээрээ ямар нэг юм хийнэ. Монголд ганц бие эмэгтэйчүүд тодорхой дарамттай  тулгардаг.  Монголын  уламжлалт Цагаан сарын баяраар ураг төрлийн хүмүүс цуглардаг бөгөөд энэ баяр ганц бие эмэгтэйчүүдийн хувьд бараг там шиг өнгөрдөг аж.  Уул уурхайн компанид ажилладаг ганц бие хоёр хүүхдийн ээж Б. Солонго “Баярын үеэр хүмүүс яагаад хүнтэй суухгүй байгаа юм гэх асуулт тавьж, яг л ганц бие байх нь гэмт хэрэг юм шиг ханддаг” гэв. Тэд бас харьцангуй хуучны болзооны хэв маягтай. Клуб, пабд нүүр нүүрээ харин танилцаж, ярилцахаас илүүтэй нийгмийн сүлжээ ашиглан хоорондоо танилцаж харилцдаг байна.