ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ардын хүүхдийг алагчилж, дарга нарын хүүхдийг зөөх нислэг удахгүй газардана

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-04-02

Коронавирусийн халдвар дэлхийн  200 гаруй орныг хамарч,  нөхцөл байдал улам хүндэрч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн судлаачид анхааруулж буй. Улс орнууд иргэдээ татан авахаар олон улс руу тусгай үүргийн онгоцоо илгээсээр байна. Онгоц илгээлгүй, иргэдээ татаж чадахгүй орнууд ч цөөнгүй бий. Манай улсын хувьд  коронавирусийн халдвар Хубэй мужийн Ухань хотод  эрчимтэй тархаж байх үеэс эхлэн БНХАУ-аас иргэдээ тусгай үүргийн онгоц,  галт тэргээр өнөөдрийг хүртэл татсаар байгаа билээ. Өнөөдөр л гэхэд эхний онгоц хөөрлөө. Өмнөх чартер нислэгүүдээр зарим дарга нар эхнэр, хүүхдүүдээ зөөж, ирэх зайлшгүй шаардлагатай жирийн иргэд онгоцонд багтаж чадаагүй хэмээн жиг жуг хийж байсныг уншигч та санаж байгаа биз ээ. Харин  энэ удаагийн нислэгээр “бусад” гэсэн нэрийн дор 100 хүн ирж байгаа аж. Гэсэн ч тэдний нэр ил тод биш.  

Өмнөх нислэгээр Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшингийн хүү  ирж байсан  бол энэ удаагийн нислэгээр УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хүү ч  ирнэ хэмээн эх сурвалж удаа дараа мэдээлж буй. Гэтэл Индонез улсад эх орноо төлөөлөн талбайнтеннисний 16 хүртэлхнасны "Fed Cup" тэмцээнд оролцсон өсвөр насны гурван охин дасгалжуулагчийнхаа хамт эх орондоо ирж чадалгүй 40 хонож байна. Хүүхдүүддээ санаа нь  зовсон ээж, аавууд Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинээс тусламж хүсэн захидал илгээсэн аж. Захидалдаа, "Тусгай нислэгээр охидоо ирүүлэх бүхий л боломжийг хайсан ч Истанбулаас ирэх нислэгт багтаагүй. Токиогоос ирэх зорчигчдын жагсаалтад багтсан ч охидын маань нэрс хасагдсан" гэж захидалд өгүүлжээ.Охид хоёрдугаар сарын 23-нд эхэлсэн дээрх тэмцээний эхний тойрогт Гуам улсын багийг 3-0-ээр хожсон байна. Гэвч шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндэрсний улмаас тэмцээн зогсжээ. Өнөөдрийн байдлаар тус улсад коронавирусээр 1528 хүн өвчилсөн бол 136 хүн нас бараад  байгаа юм. 

Дарга нарын эхнэр, хүүхэд шиг аялж, зугаалж явсангүй, тэд. Эх орноо  төлөөлөн амжилт гаргахаар тус орныг зорьж, эрсдэлтэй нөхцөлд эцэг, эхээсээ хол  хөл  хоригдсон  тэднийг чартер нислэгт багтааж авчирмаар байна.

Түүнээс гадна чартер нислэгээр ирэх “бусад” гэсэн тодотголтой 100 иргэний нэрийг ил болгомоор байна. Дарга нарын хүүхдүүд эрх ямба эдэлж эцэг,  эхийнхээ нэрээр шургалдаг,  жирийн ардын хүүхдүүд хоолтой, хоолгүй, харж хандах хүнгүй эх орон руугаа очих эсэхээ хүлцэнгүйгээр хүлээдэг баймааргүй байна. Энэ  увайгүй зангаа хойш тавьж, өсвөр насны охидыг авчрахыг Ө.Энхтүвшин дарга танаас мянга мянган эцэг эхчүүдийн өмнөөс хүсэж байна.