ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

О.Амартүвшин: 6000 гаруй иргэн ажлын байрны цомхотголд ороод байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-04-02

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Бизнес итгэлийн индекс-2019 судалгааны дүн, эдийн засгийн нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээллээ. МҮХАҮТ жил бүрийн гурван сард бизнесийн итгэлийн индексийн судалгаа хийдэг бөгөөд энэ удаагийн судалгаанд 1800 компани оролцжээ. Вирус ажлын байранд хэрхэн нөлөөлж байна вэ, төр засгаас авч хэрэгжүүлж байгаа хориг арга хэмжээ хэрхэн нөлөөлж байна вэ, гэсэн судалгаанд нийт 1500 компани оролцсон байна. Судалгаанаас вирус нөлөөлөөгүй салбар байхгүй гэсэн дүгнэлт гарсан талаар О.Амартүвшин ерөнхийлөгч мэдээлсэн юм.

Тэрбээр энэ талаар мэдээлэхдээ “Бид гуравдугаар сарын 3, 23-нд судалгаа хийсэн. Энэ хооронд компаниудын 67,4 хувьд нь маш их хэмжээгээр нөлөөлөл үзүүлсэн бол 22 хувьд нь нэлээд хүчтэй нөлөө үзүүлсэн байна. Өнөөдөр вирусийн хязгаарлалт болон дэлхий даяар үүсээд байгаа эдийн засгийн хямрал бол бизнесийн бүх салбарт нөлөөгөө үзүүлжээ. Хамгийн их нөлөөлсөн салбараар аялал жуулчлал, тээвэр, үйлчилгээ, худалдааны салбаруудыг нэрлэж байна. Салбаруудаар задалж үзвэл аялал жуулчлалын салбарын 90 хувьд маш хүчтэй нөлөөлөл үзүүлж байна гэж үзжээ. Аялал жуулчлалын салбар Монголын нийт эдийн засагт 1.6 их наядын орлого оруулдаг. Үүний цаана маш олон зочид буудал, тээвэр логистик, иргэний агаарын тээвэр гээд бий.

Судалгаанд хамрагдсан 1500 компаниас 33 хувь нь ажилтнуудаа ямар нэгэн байдлаар цомхотгосон, тоог нь бууруулсан гэж хариулжээ. Гуравдугаар сарын 23-ны байдлаар нийт 6000 гаруй хүн цомхотголд өртсөн байна. Одоогоор эрчим хүч, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт ямар нэгэн нөлөөлөл байхгүй. Хамгийн их нөлөөлсөн нь зочид буудал, нийтийн хоол, аялал жуулчлал, банк санхүү, нийтийн хоол” гэв.