ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Нямхүү: Тусгаарлагдсан иргэдийн давтан шинжилгээ бүгд сөрөг гарсан

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-04-03

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит 11.00 цагийн хурлаа хийж, дэлхий дахинд болон дотооддоо коронавирусийн шинэ тохиолдол бүртгэгдсэн эсэх талаар мэдээлэл өглөө. Манай улсад халдварын шинэ тохиолдол нэмэгдээгүй бөгөөд илэрсэн 14 өвчтөнд бие арзайх, бага зэрэг халуурах, хамар битүүрэх, булчин өвдөх шинж тэмдэг илэрчээ. Дэлхийн зарим улс орнуудын мэдрэгдэж байгаа шиг амт мэдрэхгүй болох зэрэг шинж тэмдэг ажиглагдаагүй гэлээ.

Клиникийн шинж тэмдэг нь бүдэг атлаа өвчний 6-7 хоногт уушгиндаа бүгд хатгаатай болж байгаа учраас иргэдийг эрүүл мэнддээ сайтар анхаарахыг сануулав. Мөн суулгах шинж тэмдэг ч илэрсэн гэлээ. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Энэ сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод, мөн Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нийт хоёр тохиолдлын шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарлаа. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан Катар улсаас ирсэн 42 иргэнд мөн илрээгүй.

Аймаг, дүүрэг, улсын хэмжээнд уушгины хатгаа өвчнөөр хэвтэн эмчлүүлж буй 81 иргэний сорьцод шинжилгээ хийхэд мөн илэрсэнгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 110, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 58 хүний давтан шинжилгээнд мөн илэрсэнгүй. Орхон аймагт тусгаарлагдсан 20, Дархан-Уулд тусгаарлагдсан 12, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнд мөн коронавирус илэрсэнгүй. Нийт 326 шинжилгээ хийлээ. Бид ХӨСҮТ-д шинжилгээ хийдэг машины тоог дахин нэгээр нэмсэн.

Тийм учраас өдөрт хийгдэх шинжилгээний тоо нэмэгдэнэ. Тухайлбал, тандалтын шугамаар буюу улс орон даяар цуглуулсан сорьцуудад шинжилгээ хийнэ. Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэд болон давтан шинжилгээг ч мөн хийнэ” гэлээ. Үүнээс гадна цусанд түргэвчилсэн аргаар 15 минутын хугацаанд хийдэг шинжилгээг ч мөн хийж байгаа гэсэн юм. Мөн эмнэлгээс гарч байгаа, тусгаарлалтаас гарч буй иргэдтэй "Итгэлцлийн бичиг" байгуулж, ямар нэг асуудал үүссэн үед эргэж ирж үзүүлэх, мөн 14 хоногийн хугацаанд гэртээ өөрийгөө тусгаарлах гэрээ байгуулан гаргажээ.