ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Чуулганы нээлтэд 21 аймгийн Засаг дарга нар цахимаар оролцох боломж бүрджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-04-03

УИХ-ын хаврын ээлжит чуулган энэ сарын 6-ны өдөр хуваарь ёсоор эхлэхээр болжээ. Тиймээс ээлжит хуралдааныг ямар зохион байгуулалтаар хэрхэн хийх талаар УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар нарын албан тушаалтнууд сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ.

Чуулганы үйл ажиллагааг 12.00 цагаас эхлүүлэх ба таван танхимаас зэрэг эхлэх юм байна. Сэтгүүлчид чуулганы танхим руу хөл хорио дуусах хүртэл нэвтрэх боломжгүй бөгөөд зөвхөн тусгай цэгт мэдээлэл авах боломжоор хангажээ. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчдэд зориулан хоёр давхарт байгуулсан тусгай цэгээс мэдээ, мэдээллээ бэлтгэнэ гэлээ.

Хэрвээ УИХ-ын гишүүд албан өрөөндөө сэтгүүлчдэд ярилцлага өгөх хэрэгтэй бол уулзах сэтгүүлчдийнхээ нэрсийг УИХ-ын Тамгын газар болон Төрийн ордны тусгай хамгаалалтын хэлтэс рүү өгч, улмаар нэг ажилтан дагалдан очиж, мэдээллээ авсных нь дараа Төрийн ордноос гаргана. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар ярихдаа “Байнгын хороодоор хэлэлцсэн асуудал болон хуулийн төслийн талаар тус байнгын хорооны дарга болон хуулийн төслийг санаачлагч гишүүдийн нэг нь ирж, зөвхөн энэхүү цэгээс сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.Хэвлэл мэдээллийн байгууллага хүсэлт гаргасан тохиолдолд шаардлагатай бусад дүрс, мэдээ, мэдээллээр хангана. Лайв хийдэг байгууллагуудад зориулж нэгдүгээр давхарт ширээ гаргасан. Тэндээс мэдээллээ хүргэх боломжтой. А, Б танхимд бүлгийн хурлаа аваад явах боломжтой” гэсэн юм.

УИХ-ын Тамгын газрын Хууль эрхзүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан “УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах журмыг дагасан түр журам гаргасан. Энэ журам нь хөл хорио дуусах хүртэл үргэлжилнэ. УИХ-ын Хаврын чуулган дөрөвдүгээр сарын 05-ны өдөр нээгдэх байсан ч амралтын өдөр таарсан учраас дараагийн ажлын өдөрт шилжүүлнэ гэсэн хуулийн дагуу 06-ны даваа гарагт нээлтээ хийнэ. Холбогдох газруудаас ирүүлсэн зөвлөмжийг дагаж, цахимаар хийж байгаа юм. УИХ-ын дарга үг хэлснээр чуулганыг нээнэ. Дараа нь бүлэг, байнгын хороодын хуралдаан үргэлжлээд явна. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаас өргөн мэдүүлсэн УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг нэн тэргүүнд хэлэлцэж эхэлнэ.

Ингэснээр цахим хэлбэрээр явуулах эрхзүйн орчин бүрдэнэ” гэлээ. Өмнөх жилүүдэд чуулганы нээлтэд Элчин сайд зэрэг гадны зочид төлөөлөгчид урилгаар оролцдог байсан. Тэгвэл энэ жилийн тухайд эдгээр зочид мөн цахимаар хуралд суух бөгөөд 21 аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар ч чуулганы нээлтэр цахимаар оролцох боломжийг бүрдүүлж өгчээ.

Цахим хуралдаанд хоёр программ хангамж ашиглах юм байна. Тухайлбал, үг хэлэх, асуулт асуухад хэлэлцүүлгийн программ, мөн санал өгөхөд мөн л өөр программ хангамжийг ашиглана гэлээ. Санал хураалтын программыг үндэсний компаниуд хийж, өнөөдөр хүлээлгэн өгсөн бөгөөд туршилт хийсний дараа ашиглаж эхэлнэ гэлээ. Гишүүдэд өмнө нь өгсөн байсан "i-Pad"-д нь нэмэлт программ суулган, чуулганы үйл ажиллагаанд цахимаар оролцох боломжийг хангажээ.