ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн халуунтай хоёр иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлав

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-04-03

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Улаанбаатар-Токио чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 241 зорчигч тээвэрлэн хүргэсэн бол Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 266 зорчигч тээвэрлэн ирэв. Нисэх онгоцны баг бүрэлдэхүүнтэй нийлээд 275 хүн ирсэн юм. Онгоц буусан даруйд иргэдийг тусгаарлах байранд хүргэхээр арын хаалгаар гаргалаа. Тусгай үүргийн онгоцоор мөн шаардлагатай оношлуур бусад эмнэлгийн тоног төхөөрөмж иржээ.

Энэ талаар УОК-ын дэргэдэх “Шуурхай штаб”-аас сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Учир нь тус нислэгээр ирсэн бүх зорчигчийн биеийн халууныг бүртгэлийн цэг, агаарын хөлөгт нэвтрэхийн өмнөх гарц дээр хэмжсэн ба халуунтай зорчигч байгаагүй аж. Гэвч, онгоц буусан даруйд хоёр сэжигтэй тохиолдол буюу өндөр халуунтай иргэн байсныг нь ХӨСҮТ-д тусгаарлан хүргэжээ. Япон улс халуураагүй л бол шинжилгээ хийхгүй гэсэн чиглэлтэй учраас онгоцонд суусан иргэд тухайн улсдаа шинжилгээнд хамрагдаагүй гэдгийг хэлж байсан юм.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр хэлэхдээ “Нислэг болгоны өмнө бид урьдчилсан бэлтгэлийг хангадаг. Мэргэжлийн албан хаагчид ажиллаж байна. Ариутгал халдваргүйтгэл хийх баг ч бас байна. Тээвэрлэх машин техникийг бэлтгэчихсэн. Үүнийг Зам тээврийн яам хариуцаж байгаа. Нислэгийн явцад зорчигчийн халууныг хэмжихээр хоёр мэргэжлийн эмч явсан. Одоогийн байдлаар өндөр настан 30 гаруй, эрүүл мэндийн шалтгаантай болон хөгжлийн бэрхшээлтэй 10 гаруй, бага насны болон нярай хүүхэд 10, улс орноор дамжин ирсэн 55, жирэмсэн гурван эмэгтэй бий. Нэг нислэгээр ирсэн иргэдийг нэг дор байрлуулах бодлого барьж байна” гэлээ.

Харин Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг Өнөөдрийн байдлаар гадаадын 45 улсаас 6154 иргэн нутаг буцах хүсэлтээ илэрхийлээд байна. Өмнөх долоо хоногт энэ тоо 3000 байсан. Үүнээс бага насны хүүхэд 731, эрүүл мэндийн шалтгаантай нэг, ахмад настан 226, жирэмсэн 26, богино хугацааны визтэй 135, байрны болон санхүүгийн асуудалтай 384 гэх мэт байна. Индонези улсад тэмцээнд оролцоод ирж чадахгүй байсан гурван хүүхэд өнөөдрийн нислэгээр ирсэн. Японы Шизүока хотод параолимпын бэлтгэл хийж байгаа хүүхдүүд байгаа. Бидний зүгээс энэ нислэгээр ирэх боломж олгосон ч Японы талаас аюулгүй байдлыг нь хангаад бэлтгэлийг нь хийлгэх боломжтой гэж үзсэн учраас энэ удаагийн нислэгээр ирээгүй” гэсэн юм.