ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сайд асан Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшлогдлоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-04-06

ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болох товтой байв. Гэвч өнөөдрийн шүүх хуралд шүүгдэгч Б.Батзоригийн өмгөөлөгч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн магадлагаа ирүүлжээ.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг 2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлууж, Б.Батзоригт өмнө шүүхээс авсан хилийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн
▪ 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн
▪ 22.1-3 /Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн юм.
Өмнөх удаад Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурлыг гуравдугаар сарын 17-нд товлоод байв. Гэвч хяналтын прокурор Р.Батнасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хойшлуулшгүй ажиллагаанд оролцох болсон үндэслэлээр шүүх хурлыг дөрөвдүгээр сарын 6-ны 10:00 цагт хийхээр хойшлуулсан юм.