ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Чуулган цахимаар хуралдсан үед хоёр минут асуулт асууж, хариулт авна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-04-09

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Өнөөдрийн хуралдаанд нийтдээ 50 гишүүн иржээ. Ирвэл зохих 74 гишүүнээс таван гишүүн хөл хорионд буюу эмнэлэгт тусгаарлагдсан бол хоёр гишүүн орон нутагт томилолттой хэмээн чөлөө авчээ. Харин 10 гишүүн шалтгаангүй хурлаа тасалсан гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо. Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, М.Оюунчимэг нарын гишүүд санал хэлэв. Тухайлбал, онцгой нөхцөл байдлын үед УИХ-ын чуулганы хуралдаан ямар дэг журмаар явахыг ярилцаж байгаа бөгөөд заавал пүрэв, баасан гэхгүйгээр амралтын өдрүүдэд ч хуралдаж болох эсэх зохицуулалт хийсэн эсэхийг тодруулав.

Гишүүдийн асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хариулт өгөхдөө “Онцгой нөхцөл байдлын үед долоо хоногийн долоон өдөр ч хуралдаж болохоор зохицуулалт хийсэн” гэх хариулт өглөө. Мөн энэ хуульд онцгой нөхцөл байдлын үед чуулганы хуралдаан цахимаар явагдаж байгаа тохиолдолд гишүүд хоёр хүртэлх минутад үг хэлж, асуулт асууна хэмээжээ.

Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан учраас Төрийн байгуулалтын байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй 12 саналыг нэгбүрчлэн гар өргөн хурааж эхэллээ. Хуралдаанаар үргэлжлүүлэн коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм. Мөн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг тус тус хэлэлцэх юм.