ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Нямбаатар: “Тэсо” групп Сонгуулийн хууль зөрчиж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-04-09

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өнөөдөр СХД-т “Тэсо” корпараци хууль зөрчин бэлэг тарааж буй асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, “Би хоёр зүйлийг хэлэхийг хүслээ. Нэгдүгээрт, "Zarig.mn" видео сайтын сэтгүүлч гэр хорооллын иргэдийг нүхэн жорлонд амьдардаг гэж хэлснийхээ төлөө уучлалт гуйх ёстой. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын иргэдийг гутаан доромжилж болохгүй.

Хоёрдугаарт, Сонгинохайрхан дүүрэгт өдөр бүхэн Сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн үйлдлийг улс төрийн нам эвсэл, тэндээс нэр дэвшихээр горилж буй хүмүүс хийж байна. Тухайлбал, АН-ын төрсөн өдрөөр айл өрхүүдэд “Ардчилал таймс” сонин, резинэн бээлий, хлораминийг айлуудад үнэ төлбөргүй тараасан. Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагууд нь ажлаа хийгээч ээ.

АН-ын экс гишүүн Ч.Содномцэрэн ажлаа хийнэ үү. Сонгуулийн тухай хуульд “Үнэгүй эд зүйл, хөнгөлөлттэй бичиг, аялал жуулчлалын үйл ажиллагааг хориглоно” гэж заасан. Гэтэл “Тэсо” корпораци хүртэл хөнгөлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг кампаничлан тарааж байна. Мөнгө төгрөг, гурил боовоор хуурсан энэ үйлдлээ зогсоогооч гэж уриалж байна. ЦЕГ, Тагнуулын удирдлагууд ажлаа хиймээр байна” гэсэн юм. “Тэсо” корпорацийн удирдлага болох О.Цогтгэрэл нь АН-аас нэр дэвшихээр яригдаж буй хүмүүсийн нэг билээ.