ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН-ын генсекээр Ц.Баатархүүг томиллоо

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-04-09

АН-ын ҮБХ өнөөдөр цахимаар хуралдаж, албан тушаалын томилгоог хэлэлцжээ. Тодруулбал, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан орон нутагт өрсөлдөхийн тулд, сонгуульд бэлтгэх цаг зав шаардлагатай учраас өөрийн хүсэлтээр намын удирдах албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтэй өгчээ.

Түүний хүсэлтийг намын ҮБХ хэлэлцэж, чөлөөлөхийг дэмжсэн бөгөөд намын үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой гэдэг үүднээс орны хүнийг нь томилох асуудлыг ч мөн хэлэлцсэн байна. Улмаар, НИТХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Ц.Баатархүүг дараагийн Ерөнхий нарийн бичгийн даргаар томилжээ.

Ц.Баатархүү 2003 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг төгссөн бөгөөд 2005 оноос Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж, улс төрийн карьераа эхэлж байжээ. Тэрбээр, НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа юм. Албан тушаалаа өгсөн Ц.Тувааны тухайд намдаа дэд даргын албан тушаалд томилогдон ажиллахаар болжээ.