ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ногоон бүсэд аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-04-09

Өнгөрсөн тав хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдалд гамшиг ослын 68 дуудлага ирсэн бөгөөд үүнээс 50 орчим хувь нь шар өвс шатааснаас гал алдсан дуудлага байжээ. Цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнжмөл шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай А/487 дугаар захирамж гаргасан байна.

Уг захирамжид иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, амралт, аялал зугаалга зохион байгуулахыг 2020 оны дөрөвдүгээр сарын 06-наас зургаадугаар сарын 10 хүртэл хоригложээ. Энэ дагуу нийслэлийн Онцгой байдал, Байгаль орчны газар, Цагдаагийн газрын 1340 албан хаагч төвийн таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хийж ажиллаж байгаа аж. Эдгээр албан хаагчид ирэх зургаадугаар сарын 10  хүртэл хөдөлгөөнт эргүүл хийнэ.

 НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнжмөл шар өвсийг шатааснаас үүдэж зуслангийн бүсэд гал алдаж иргэд эд хөрөнгөөрөө хохирсон тохиолдол цөөнгүй гарч байна. Шар өвс шатааж бусдад гэм хохирол учруулсан шалтгаан нөхцлийг тодруулж Цагдаагийн байгууллага хуулийн хариуцлага хүлээлгэж байгаа. Хуурайшилтын үед иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна” гэв.