ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Лүндээжанцан: Онцгой тохиолдолд УИХ-ын гишүүд байгаа газраасаа хуралд оролцох боломжтой

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-10

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “ Энэ сарын 9-нд буюу өчигдөр УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт орууллаа. Үүсээд буй онцгой нөхцөл байдалтай холбогдуулаад УИХ-ын хуралдааныг хялбаршуулан болон цахимаар явуулах дэгийг баталсан. Дэлхийн олон улс орон чуулган, байнгын хороодынхоо хуралдааныг хойшлуулж байна.

Манай улсын хувьд дөрөвдүгээр сарын 6-наас эхэлсэн хаврын чуулган коронавирусийн тархалттай холбоотойгоор бэлэн байдалд шилжсэн онцгой нөхцөл байдалтай давхцаж байна. Иймд яаралтайгаар УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. УИХ яаралтай хэлэлцэж баталлаа. Цаашид коронавирустэй холбоотой онцгой нөхцөлд хүндрэлийг даван туулах хуулийн төслүүдийг нэн даруй хэлэлцэх хуулийн нөхцөл бүрдлээ.

76 гишүүнтэй парламентын хувьд хэдэн гишүүн тусгаарлагдах юм уу, эрсдэлтэй нөхцөл байдал үүсэх юм бол энэ парламент ажиллахад хэцүү болж, улс орон эзэнгүй болох аюул байгаа учраас ҮАБЗ, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар ямар ч үед ажиллаж байх нөхцлийг хангахад энэ Дэг чиглэгдсэн. Энэ өөрчлөлт батлагдсанаар онц байдал, дайны бол дайн бүхий байдал, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчний үед онцгой нөхцөл үүссэн тохиолдолд УИХ-ын чуулганы хуралдааныг саадгүй явуулах боломж бүрдлээ.

Бүх зүйл цахимаар явна. Хуралдаан даргалагч, гишүүд, Тамгын газрын ажилтнууд бие биенийхээ дүрсийг хараад чөлөөтэй ярилцахыг уг хуульд заасан. Хуралдаан зохион байгуулахдаа Төрийн ордны танхимуудад хувааж, хуралд оролцох нөхцөлийг зааж өглөө. Хурлын танхимд даргын дэргэдэх зөвлөлийн гишүүд буюу нам, эвслийн бүлгийн дарга, байнгын хороодын дарга нар оролцоно. Бусад нь Төрийн ордон дахь танхимуудад хуваагдан хуралдаанд оролцоно. Мөн өрөө өрөөнөөсөө оролцож болно. Зарим онцгой тохиолдолд УИХ-ын гишүүд байгаа газраасаа онлайнаар оролцох нөхцлийг нээж өглөө. Онцгой нөхцөл гэдгийг Засгийн газар тогтооно гэдгийг зааж өгсөн. Цахим хэлбэрээр чуулганы хуралдааныг явуулж болно гэдэг заалтыг Дэгийн хуульд оруулснаар УИХ-ын үйл ажиллагаа хэвийн явах юм. Ирэх долоо хоногоос энэ Дэгээр хуралдана” гэлээ.