ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ч.Улаанаас хөдөө аж ахуйн салбараа аваръя

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-04-10

“Улсын төсвийг Ч.Улаан атгахаараа улайсгаж, П.Цагаан харин цайруулдаг юм” гэх явган онигоо улс төрийн хүрээнд яригддаг байсан гэдэг. Угтаа, Сангийн сайдаар Ч.Улаан ажиллахаар л улсын төсөв нь хасах руу зааж, дампуурахаас наагуур зүйл болдог байсныг шоглож хэлсэн хэрэг л дээ. Тэгвэл Төрийн ордонд Ж.Мөнхбат гишүүний хэлсэнчлэн “үнэгэн шогшоо”-гоор гүйсээр дахин сайд болсон Ч.Улаан хөдөө аж ахуйн салбарыг самарч гүйцлээ.

Ерөнхий сайдаасаа хар толгойгоороо махны үнэ хариуцах үүрэг авсан ч түүнийгээ биелүүлж чадаагүй. Хөл хорионы сургаар хаданд гарсан махны үнэ өнөөдөр ч хөрсөн дээрээ бууж ирээгүй л явна. Сайд харин энэ хугацаанд эхнэрийнхээ дүүгийн махны бизнесийг дэмжээд завгүй явсныг нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж харин ч нэг сайхан илчилж өгсөн билээ. Хэдэн мянган төгрөгийн нэмэгдлийн төлөө золтой л толгойгоо тавиад туучихгүй үлдсэн сайдтан харин энэ удаа ноолуурын үнийг 100 мянгад барина гэсэн үгнийхээ төлөөсийг төлөх гэж шогшиж яваа гэх.

Хар толгойгоо энэ удаа малчдад “тушааж” мэдэхээр нөхцөл үүссэн гэдгийг малчдын уур цухал, ноолуурын бизнесмэнүүдийн бухимдлаас харж болно. Малчид “Ч.Улаан сайд хадгалах тусмаа үнэ цэнэ хүрнэ гэсэн. 100 мянгаар авна гэж амласан” хэмээгээд ноолуураа таг дараад хэвтчихэв.

Үйлдвэрийн түүхий эдээ нөөцлөх гэсэн үйлдвэрлэгчид харин “Улааныхаа албан өрөөнд аваачиж 100 мянгаараа тушаахгүй юу. Эдийн засаг хямарчихсан байхад 75-аар авч байвал их юм шүү” хэмээн зөрүүдэлчихэв. Дунд нь харин Ч.Улаан л сандарч давхиж, хэлсэн амандаа эзэн болохын тулд “Бүх газарт ижил тэгш 100 мянгаар авна гэж хэлээгүй” хэмээн бусгаж ч бас үзлээ.

Гэвч хэдэн арван сайт сонин, телевизийн өмнө гарч ирэн “100 мянган төгрөгөөс буулгахгүй ээ” хэмээн амлачихсан үгэндээ хүрэхгүй гээд ч яах билээ. Үйлдвэрлэгчдэд алдагдлын зөрүү мөнгийг нь төр өгөх, эсвэл малчдаасаа 100 мянган төгрөгөөр төр худалдаж авахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсчээ. Гэтэл сайд Ч.Улааны санаанд тун ч мэргэн санаа орсон нь ноолуурын гарц, чанараас шалтгаалан үнийг ялгавартай тогтооно гэх тайлбар.

Ингээд өөрийнх нь тойглож буй тойрог болох Сүхбаатар аймагт 105 мянга, намын даргынх нь өрсөлдөх Хэнтий аймагт 105 мянгаар тавьчихаад бусдыг харин “эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй” гэх зарчмаар буюу 75-85 мянга гэсэн үнэ тавиад орхичихов.

Мөн энэ сарын сүүл гэхэд “Ноос ноолуурын холбоо”-ноос захиалсан гэх 5003 тонн ноолуурыг л энэ тогтоосон үнээр авах бөгөөд үлдсэн ноолуураа малчид жил дамжиж дарна уу, эсвэл 10 мянгаар борлуулна уу гэдэг нь Ч.Улаан сайдад огтхон ч хамааралгүй болжээ. Ийм л бантан хутгасан зүйлийг хийчихээд алга болов, тэр сайд. Нэгэнт л Засгийн газраас журам гаргасан л бол энэ нь орон нутаг бүхэнд, малчин бүхэнд ижил тэгш үйлчлэх ёстой юм, уг нь.

Түүнээс биш сайд, даргын өрсөлдөх тойрогт илүү нөлөөлж, бусад нь хэрхэх нь хамаагүй гэдэг өнцгөөр асуудалд хандаж болмооргүй санагдах. Засгийн газар малчдын ноолуурыг 100 мянгаас буулгахгүй ав хэмээн үүрэг өгч, 300 тэрбумыг ноос, ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгоно гэх шийдвэрээ танилцуулсан нь саяхных. Гэтэл энэ шийдвэр ч 10 хонохгүй замхарч байгааг та бид харлаа. Хөдөө, хотгүй бухимдсан малчид дүүрэн.

Сайдынхаа сайхан үгэнд итгэж 85 мянгад хүрэхэд нь зараагүй дарчихсан малчид өдгөө 50 мянгаар борлуулж чадвал тэнгэрийн умдаг атгалаа хэмээн баярлахаас өөр аргагүй болжээ. Малнаас өөр орлогогүй тэдэнд жил жилийн хавраар буянт малынхаа ноолуурыг тушааж орлого олох л боломж байдаг.

Гэтэл зах зээлийнхээ зарчмаар явж байсан асуудал дундуур төр гараа дүрэхдээ өөх ч биш булчирхай ч биш болгоно гэж хэн санах билээ. Хэрвээ Ч.Улаан тэгж амлаагүй бол ноолуурын үйлдвэрийнхэнтэйгээ ойлголцоод ноос, ноолуураа тушаачих байсан нь ч тодорхой биз. Гэтэл одоо зөвхөн биржээр дамжуулан нийт ноолуурынхаа 30 хувийг л тушаах боломжтой болов.

Малчдын гар дээр үлдэх 70 хувийн ноолуурт хэн, хэдэн төгрөг амлах нь ч тодорхой бус үлдэх нь ээ гэсэн үг. Ажил хийх гэхээрээ урд, хойно нь оруулж эмх замбарааг нь алдагдуулдаг, хар толгойгоо даатгаад ч гараас нь ажил гарахаа больчихсон энэ хүнээс хөдөө аж ахуй, хүнсний салбараа аврахсан. Хэрвээ УИХ-ын сонгууль хойшлох нөхцөл байдал үүсвэл дахиад нэг жил ийм сайдтай явбал энэ яам лав хөлөөрөө толгой хийх нь дамжиггүй боллоо.