ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Өрхийн эмнэлгийг иргэдийн сонголтоор, харьяалал харгалзахгүйгээр үйлчлүүлэх боломжийг нээнэ"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-16

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Эрүүл мэндийн салбарынхан сайн ажиллаж байна. Энэ онд Сонгинохайрхан дүүрэгт баригдах эмнэлгийн барилгуудад онцгой анхаарч ажиллаж байгаад хувьдаа талархаж байна” гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Цар тахлын үед эрүүл мэндийн салбар маш шуурхай, сайн ажиллаж байгаа. Эрүүл мэндийн үйлчилгээг хүн арддаа чанартай, аюулгүй, хүртээмжтэй боломжийн үнээр хүргэх нь маш чухал.

Шинжлэх ухааны нотолгоонд суурилсан, орчин үеийн тоног төхөөрөмжтэй, мэргэжлийн багт бүрэлдэхүүнтэй Их сургуулийн харьяа эмнэлэгтэй болох боломж энэ хуулиар бүрдэж байгаад талархаж байна” гэсэн юм. Дараа нь Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн эмнэлгийг Засгийн газар, Сангийн яам, Эрүүл мэндийн яам анхаарч байгаа. Анагаахын их сургуулийн харьяа эмнэлэгт 200-250 ортой байхаар бэлтгэж байна. Бид сургалтын эмнэлэг гэдэг шинэ нэр оруулж ирж байгаа. Анхан шатны үйлчилгээ авах иргэдийн сонголтоор, харьяалал харгалзахгүйгээр үйлчлүүлэх боломжийг нээж өгч байна” гэсэн юм.