ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийслэлийн долоо хоногийн тойм

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-04-18

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны дөрөвдүгээр сарын 13-наас дөрөвдүгээр сарын 17-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.

Хороо дүүргийн 1700 гаруй хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж, хотын соёлыг түгээнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулж байхаар болсон билээ. Хотын Захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хүргэлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд, дэлхийн олон улсад тархаад буй коронавирусийн тархалтын мэдээллийг хүргэж, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг иргэн бүр сайтар авч хэрэгжүүлэхийг уриалсан юм. Мөн нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхээр авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар дурдлаа.

Нийслэлийн хэмжээнд нутгийн захиргааны 6790 албан хаагчид эргүүлээр ажиллаж, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж, амны хаалтыг хэрэглэж хэвших болон хувийн ариун цэврийг сайтар хангахыг зөвлөж байгаа юм. Түүнчлэн халдварт өвчний үед иргэдийн хөдөлгөөнийг хянаж, халдвар тархсан үед байршил тогтоож илрүүлэх зорилгоор шалган нэвтрүүлэх товчоодод эрүүл мэндийн үзлэг шалгалтыг хийж, нийслэл рүү орж гарах хөдөлгөөнд хяналт тавьж байгаа бөгөөд нийт 118 албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм. Өчигдөр өглөөний 8 цагаас өнөөдөр хүртэл 85418 иргэн Улаанбаатар хотод орж гарсан бол нийт 24966 автомашин зорчсон тоон мэдээллийг хотын дарга С.Амарсайхан өглөө. Тэрбээр "Урин дулаан цаг ирж иргэд агаар салхинд гарахдаа нэг дор цугларч, эрсдэл гаргах нөхцөл байдал үүсгэж байна. Иргэд дотоодод халдвар тархаагүй болохоор бүх зүйлийг чөлөөтэй байлгах саналыг ирүүлж байгаа. Нийслэл хотын хувьд аль болох иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ, гадагшаа дотогшоо гарч салхилах боломж нөхцөлийг нь бүрдүүлэх, ажил амьдралыг нь цаашид хэвийн үргэлжлүүлэх, аль болох хориг саад тавихгүй гэх байр суурь баримтлан ажиллаж байна.

Чингэлтэй дүүрэгт хууль бусаар олгогдсон газруудыг цуцаллаа

Чингэлтэй дүүргийн хэмжээнд хууль бусаар олгогдсон газруудыг цуцалж байгаа талаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Т.Наранбат, Газар зохион байгуулалтын албаны дарга Н.Оюунбилэг нар нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цахимаар мэдээлэл хүргэлээ. Хууль бусаар олгогдсон газруудыг чөлөөлөх хяналт шалгалтын хүрээнд эрх хэмжээг хэтрүүлэн ашигласан, газар эзэмших эрхийг хууль бусаар олгосон, үндэслэлгүй шийдвэр гаргасан нь тогтоогдсон захирамжуудыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл хүчингүй болгох захирамж гаргасан байна. Энэхүү захирамжаар дүүргийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/82 дугаар тоот захирамж, А/83 дугаар захирамж, 02 дугаар сарын 10-ны өдрийн А/102 дугаар тоот захирамжуудаар газар олгох эрх олгосон нийт 49 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ. Дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар газар олгосон, эзэмшүүлсэн асуудалд холбогдсон зарим төрийн албан хаагчдад хариуцлагын арга хэмжээг авч, хуулийн байгууллагад шалгуулахаар хандсан талаар Газар зохион байгуулалтын албаны дарга Н.Оюунбилэг хэллээ.

Нийслэлийн Түргэн тусламжийн төвд амны хаалт, халдвар хамгааллын хувцас хандивлалаа

Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул болон Эерэг тэмүүлэл ТББ-ын байгууллагын төлөөллүүд нийслэлийн Түргэн тусламжийн төвд ажиллалаа. Энэ үеэрээ 2000 ширхэг нэг удаагийн амны хаалт, 240 ширхэг N95 амны хаалт, 36 ширхэг халдвар хамгааллын хувцас, 36 ширхэг нүүрний хаалт хандивлав. Эмнэлгийн парк шинэчлэл болон боловсон хүчний асуудлаар Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Иргэдийн амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж буй эмнэлгийн ажилтан албан хаагчдыг нийслэлийн удирдлагуудын зүгээс бүх талаар дэмжиж ажиллана” гэв.

Урт цагаан үйлчилгээний төвд үйл ажиллагаа эрхэлж байсан иргэдийг ажлын байраар хангаж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай” А/216 дугаар захирамж гарсантай холбогдуулан байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх, үр нөлөөтэй болгох санал, санаачилга гарган, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, үр өгөөжийг дээшлүүлэн цаашид харилцан ашигтай ажил өрнүүлэх зорилгоор нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрыг төлөөлж тус газрын дарга Ш.Үнэнбат, “Урт цагаан” худалдаа үйлчилгээний төвийн түрээслэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хороог төлөөлж тус хорооны дарга Х.Гантулга нар харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичиг нь хоёр байгууллагын хамтын ажиллагааг дэмжих, харилцан итгэлцлийг бий болгох үндэс суурийг тавих зорилготой аж.

Энэ үеэр нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт дам түрээсэлж байсан иргэдийг хохироохгүй ажлын байраар хангах үүрэг чиглэлийг нийслэлийн Засаг даргаас өгсөн. Энэ дагуу өнөөдөр эхний ээлжинд 12 иргэний ажлын байрыг шийдэж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэллээ. Энэ ажил үе шаттай хэрэгжиж дараагийн ээлжний иргэдийг ажлын байраар хангана” гэлээ. Иргэдийг ажлын байраар хангахдаа нийслэлийн Төр, захиргааны IV байран дахь нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн байранд 280 орчим ам.метр талбайг гаргасан байна. Энэхүү ажлыг Урт цагааны түрээслэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтарч хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид үе шаттайгаар бүх түрээслэгчийг ажлын байраар хангахаар төлөвлөжээ. Түүнчлэн нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газартай 30 түрээслэгч гэрээ байгуулж ирсний эхний гурав нь өнөөдөр акт үйлдэж, нийслэлийн өмчийг хүлээлгэн өгсөн байна. 

Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлгийн замын ажил эхэллээ

Нийслэлээс 2020 онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын нэг болох Азийн хөгжлийн банкнаас санхүүжиж буй Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэгийн автомашины орц, гарцтай холбоотой газар чөлөөлөлтийг хариуцах, санал боловсруулах үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг хуралдлаа. Ажлын хэсэгт НЗДТ-ын хөгжлийн бодлогын төлөвлөлтийн хэлтэс, төсөл хөтөлбөр хамтын ажиллагааны хэлтэс, газар зохион байгуулалтын алба болон Азийн хөгжлийн банкны төлөөлөл оролцлоо. Ажлын хэсгийн хурлаар дээрх замын ажилд 26 нэгж талбар өртсөнөөс 14 иргэний газрыг нөлөөллөөс гаргаж, 12 иргэний газарт нөхөн олговор олгохоор хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн бөгөөд нэг иргэнтэй зөвшилцсөн талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өглөө. Хурлын төгсгөлд ажлын хэсгийн ахлагч Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх холбогдох албаныханд газар чөлөөлөлтийн ажлыг яаралтай дуусгах, шинээр тавигдаж буй авто замын ажлыг хуваарийн дагуу чанартай хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо.Мөн эрсдэлтэй цаг үед халдвар хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиж ажиллах чиглэл өглөө.

С.Амарсайхан: Хөл хорионы энэ үе бол өөрсдийгөө хөгжүүлэх боломж гэдгийг хүүхэд, залууст ойлгуулах нь чухал 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан нартай уулзлаа. Энэ үеэр Хотын захирагч Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сурагчдад зориулсан теле хичээлийн үр дүнгийн талаар болон элсэлтийн ерөнхий шалгалтыг хэрхэн зохион байгуулах, цаашид юунд анхаарч ажиллаж буй талаар мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өглөө. Нийслэлийн хэмжээнд бага, дунд, ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт нийт 496500 хамрагдаж, 13 гаруй мянган багш, сурган хүмүүжүүлэгчид ажиллаж байна. Эдгээр сурагч, хүүхэд багачуудад теле хичэээлийг 60 гаруй судлаач, мэргэжилтнүүд, 170 орчим багш, сурган хүмүүжүүлэгч, 15 дохионы хэлний багш нар 10 дахь долоо хоногтоо зохион байгуулж  байна.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Теле хичээлийн оролцоо хангалтгүй байна. Хөл хорионд байгаа энэ үед багш, сурагчдын оролцоонд илүү онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Ялангуяа эцэг эхчүүдэд ирэх ачаалал хэр нэмэгдэж буйг анхаарч ажиллах ёстой. Үүнээс гадна нийслэлийн хэмжээнд 12 дугаар ангиа төгсөх 12021 сурагчдын мэргэжлээ сонгох, гадаад, дотоодод сурах шийдвэрээ гаргахад заавар, зөвлөмж өгөх хэрэгтэй. Мөн сурагч, хүүхэд багачуудад зориулсан “Мэдээллийн цаг” хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдийн танин мэдэхүйн, оюун ухааны чадавхийг нээсэн, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлсэн сургалт, хүмүүжлийн мэдээ мэдээлэл, заавар зөвлөгөөг орхигдуулж болохгүй. Коронавирусын халдварыг бид соёлын дархлаа, хариуцлагын дархлаатай байж даван туулна” гэдгийг хотын Захирагч анхаарууллаа.

Амралт, фитнесс, сауны үйл ажиллагааг нээхтэй холбогдуулан тэдгээрийн ажиллах түр журмын саналыг боловсруулж УОК-т танилцуулахаар боллоо

Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Туул гол, Богд ууланд иргэдийг олноор цугларч эрсдэл үүсэхээс сэргийлж амралтын газруудыг ажилуулах болон саун, фитнесийн үйл ажиллагааг ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, журам гаргаад шат дараатай нээх болсон талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлсэн. Монгол Улсын Засгийн газраас ирүүлсэн чиглэлийн хүрээнд нийслэлийн Онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг хуралдаж, зарим амралтын газар, фитнесс заал, сауны үйл ажиллагааг шат дараатайгаар нээх асуудлаар хэлэлцэж, санал солилцлоо.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлж ажиллахын зэрэгцээгээр Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн хүрээнд НОК-ын шуурхай ажлын хэсгийн гишүүд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа амралт, фитнесс, сауны үйл ажиллагааг нээхтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжийн  төсөлд тухайн аж ахуйн нэгжүүдэд тодорхой үүрэг хүлээлгэх тухай заалт, ажиллах орчин нөхцлийн талаарх түр журамд тусгах саналаа нэгтгэж өгөх, нэгтгэсэн саналыг  НОК-ын нарийн бичгийн дарга  Д.Оюунбат, НЗДТГ-ын дарга Р.Батрагчаа, Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал нар боловсруулж, маргааш /2020.04.16/ Улсын онцгой комиссын Шуурхай штабд танилцуулах”-ыг үүрэг болголоо. Энэ дагуу НОК-ын шуурхай ажлын хэсгийн гишүүд дээрх байгууллагуудын үйл ажиллагааг нээхтэй холбогдуулан олон нийтэд учирч болох эрсдэлээс хэрхэн сэргийлэх түр журамд оруулах саналаа илэрхийлэн хэлэлцлээ.

Маргаашаас эхлэн нийслэлийн хоёр дүүргийн 14 хороонд угаарын хий мэдрэгч тараана

Цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар цахимаар мэдээлэл хүргэлээ. Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын төвийн 6 дүүргүүдэд угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг суурилуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор нийт 200 мянган ширхэг угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг нийлүүлэх ажил хийгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт 65 мянган угаарын хий хэмжигч төхөөрөмж Улаанбаатар хотод хилээр дамжиж ирсэн бөгөөд халдваргүйжүүлэлтийн ажил явагдсан. Маргаашаас эхлэн нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн 14 хороонд угаарын хий хэмжигч тараана. Гурав хоногийн дотор тарааж дуусна гэсэн төлөвлөгөөтэй байна. Угаар хэмжигч төхөөрөмжийг иргэдийг олноор цуглуулах буюу бөөгнөрөл үүсгэхгүй байдлаар тараана” хэмээлээ.