ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ё.Баатарбилэг: Анги засварын ажлыг энэ жил зохион байгуулахгүй

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-04-21

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Засгийн газар, салбарын яамнаас хичээл, сургалтын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. 

Өнөөдрийн  байдлаар 192 оронд цэцэрлэг, сургуулийн  үйл ажиллагааг  бүрэн зогсоосон аж.  Тиймээс дэлхийн 1.7 тэрбум хүүхэд, залуус сургалтад хамрагдах боломжгүй болоод  байгаа талаар Ё.Баатарбилэг сайд  мэдээллийн  эхэнд хэллээ. 

Есдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хичээл сургуулийн үйл ажиллагаа хойшилсонтой холбоотойгоор эцэг эх, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад үйл ажиллагаагаа хэрхэн зохион байгуулах вэ гэдэг хүлээлт үүсээд байгаа учраас уг хэвлэлийн хурлыг  хийж байгаа нь энэ аж.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ, "Хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг зургаадугаар сарын 1-нээр дуусгаж багш нар энэ үеэр  амарна.  Мөн ЕБС, СӨБ-ын сурагчдад зориулсан теле хичээлийг зургаадугаар сарын 1-н хүртэл үргэлжлүүлэх бөгөөд  теле болон цахимаар явуулсан хичээлийг багшийн журналд тэмлэглэсэн байх ёстой. Эцэг, эхчүүд  теле хичээлийг шүүмжлэх хандлага гаргах боллоо. Олон мянган хүүхдийн эрх ашгийг хамгаалж буй ажил гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид чадварлаг багш нараар өндөр түвшинд теле хичээл заалгаж байна.  Теле хичээлд хамрагдаж чадахгүй, шүүмжлээд байвал хүүхэд тань хохирно гэдгийг анхаараарай.

Мөн цэцэрлэг болон сургуулийн дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн хувийн хэрэглэлийг дөрөвдүгээр сард багтаан эцэг, эхэд хүлээлгэн өгнө.Түүнээс гадна энэ жил цэцэрлэг, сургуулийн анги танхимын засвар хийхгүй учраас эцэг, эхчүүдээс мөнгө татахгүй. Сургуулийн номын сангаас авч хэрэглэж байгаа номыг хураах, хүүхэд шинээр бүртгүүлэх үйл ажиллагааг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулна. 

Харин их, дээд сургууль, коллежын хувьд баклаврын зэргийн хөтөлбөрт элсэлт авахдаа босго оноо төрийн өмчийн их, дээд сургуульд 480, хувийн өмчийн дээд сургуульд 410, орон нутгийн өмчийн их, дээд сургуульд 400 оноо байхаар тогтоосон.

Хаврын сургалт, диплом хамгаалалт, төгсөлтийг 2020 оны зургаадугаар сарын 20-ны дотор цахим хэлбэрээр зохион байгуулахыг мэдэгдсэн.Харин төгсөлтийн баярыг зохион байгуулахгүй гэдгийг их дээд сургуулиуд илэрхийлсэн" гэлээ.