ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

М.Энхболд: 60 тэрбумтай холбоотой надад байсан материалыг би Л.Оюун-Эрдэнэ гишүүнд өгсөн

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-06-27

УИХ-ын ээлжит бус чуулган дөнгөж сая эхэллээ. УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг хэлэлцэж байна.

Б.Бат-Эрдэнэ:

- Монголд эрүүл аюулгүй орчинд амьдрах арга байна уу. Өдөр бүр нэг хүүхэд зүй бусаар хорвоог орхиж байна. Энэ асуудалд хариулт өгөөч. Дараагийн асуудал нь 60 тэрбумын асуудал байна. Энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол болохгүй байх. Энэ асуудлаас болоод нэг гишүүн хуралдаа суухгүй байх хүртэл эсэргүүцэж байна. Нээлттэй сонсгол явуулахад 17 УИХ-ын гишүүн нэгдсэн. Сонгууль дөхөхөөр улам нэмэгдэнэ. Тиймээс энэ асуудлыг нэг талд нь багтаах нь зүйтэй.

М.Оюунчимэг: 

-Долоо хоногийн дотор 2-3 хүүхдээ бид алдлаа.  Монгол Улсад зуурдаар нас барж байгаа хүний тоо  дайнтай оронд амь үрэгдэж байгаа тооноос илүү байна.  Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудалд эмэгтэй гишүүд дуу хоолойгоо хүргэх болно.  Албан байгууллага, сургууль, цэцэрлэгийн орчинд стандарт мөрдөхгүй хариуцлагагүй байдлаас үүдэж ийм эрсдэлд орж байна. Одоо хаа хаанаа хариуцлагатай байх цаг иржээ.  Нийгэм ч үүнийг хүсч байна. 

Т.Аюурсайхан:

-Чуулган завсарлах дөхсөн үлдсэн хугацаанд маш чухал хуулийг төслүүдийг хэлэлцэхээр болж байна. Гишүүд хариуцлагатай хандах байх. “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхдээ Ерөнхий сайдыг байлгамаар байна. Тэгэхгүй бол бидний ярьсныг мушгиж цааш нь дамжуулах тал байна. 

Д.Эрдэнэбат:

-Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуульд АН –ын бүлэг тав хоногийн завсарлага авна. Хуулийг зайлшгүй судлах, нягтлах хэрэгтэй байна. УИХ-ын дарга АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч байна.

М.Энхболд:

-Хүүхдийн асуудалд холбогдуулан хэлсэн Б.Бат-Эрдэнэ гишүүний хэлсэн үг зөв. Холбогдох байгууллага болон салбар нь анхаараарай. Хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд амьдарч чадахгүй байна. 60 тэрбумын асуудлаар Л.Оюун-Эрдэнэ гишүүн АТГ-т хандсан. Надад байсан материалыг Л.Оюун-Эрдэнэ гишүүнд өгсөн. Энэ асуудлыг ЦЕГ, АТГ, УЕП-оос шалгаад хэрэгсэхгүй болгосон юм билээ. Тиймээс нээлттэй хэлэлцүүлэг хийх эсэхээ шийдэх байх. Би 2016 оны УИХ-ын сонгуульд намын даргаар ажилласан. Хэн нэгнээс мөнгө албан тушаалд томилсон нэг ч тохиолдол байхгүй.