ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Вашингтон пост: Монголд салбарын сайд болоход 400 мянган ам.доллар шаардлагатай

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-28

АТГ-аас “60 тэрбумын хэрэг” гэх төрийн албан тушаалыг тодорхой үнэ өртгөөр наймаалцах тухай төлөвлөгөөг хэд хэдэн удаа шалгаж үзсэн ч, нотлогдоогүй гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл  уг хэргийн талаар АНУ-ын “Вашингтон пост” сонин мэдээлсэн байна. Уг нийтлэлийг орчуулан хүргэж байна. 

Томилгоо бүр тогтсон үнэтэй. Салбарын сайд 400 мянган ам.доллар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга 120 мянган ам.доллар, харин ахлах мэргэжилтний томилгоо 4000 ам.долларын үнэтэй. Монгол Улсын Засгийн газар болон төрийн өмчит аж ахуй нэгжид  8000 гаруй ажлын байр бий аж.  Харин Монгол Ардын нам парламентын сонгуульд ялсан тохиолдолд кампанит ажиллагаанд зарцуулсан мөнгөө дээрх албан тушаалаар эргүүлэн төлөхийг санал болгосон байна. Зөвхөн Улаанбаатар хотын тойргоос л гэхэд 60 тэрбум төгрөгийг бизнес эрхлэгчид, гадны хөрөнгө оруулагчдаас босгохоор намын холбогдох албан тушаалтнууд төлөвлөж буй аудио бичлэгийг Г.Доржзодов гэх залуу дэлгэсэн байдаг. Монголчуудын хэлдгээр “60 тэрбумын” гэх эл хэрэг 1990 оны ардчилсан хувьсгалаас хойших улс төрийн хамгийн том скандалуудын нэг болсон  юм. 

Эл хэргийн талаар “Jargal Defacto” вэб сайтыг эрхэлдэг,  эдийн засагч Д.Жаргалсайхан “Авлигын эх сурвалж нь сонгуулийн санхүүжилт гэдгийг монголчууд ухаарсан. Улс төрийн намуудад мөнгө өгдөг хүмүүс Засгийн газрыг хянаж, Монгол Улсыг удирддаг” гэж хэлжээ. 

1989, 1990 онуудад ЗХУ, Зүүн Европт  өрнөсөн үйл явдлуудаар өдөөгдсөн мянга мянган монголчууд коммунист засаглалын эсрэг тэмцэж, тайван замаар  ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн байдаг. Улмаар 1993 онд тус улсад анхны ардчилсан Ерөнхийлөгчийн сонгууль болоход, сонгогчдын ирц 93 хувьтай байжээ. Гэтэл 2017 онд сонгуулийн ирц 68 хувь байсан бөгөөд 1.4 сая сонгогчийн 19 мянга орчим нь аль ч нэр дэвшигчийг дэмжихгүй байгаагаа илэрхийлэн хоосон хуудас уншуулж байв. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан бизнесийн магнат, самбо бөхийн тамирчин асан Х.Баттулга өөрийгөө популист, эсрэг байр суурьтай нэгэн хэмээн тодорхойлж байсан юм. Тэрбээр “60 тэрбум”-ын аудио бичлэгт  дуу нь бичигдсэн  улстөрчдийн нэг болох  МАН-ын дарга М.Энхболдтой өрсөлдсөн билээ. 

Шинжээчдийн хэлж буйгаар, Энэтхэгт улс төрийн намууд сонгуулийн сурталчилгаанд зарцуулах мөнгөө хэрхэн босгосныг хатуу хянадаг бөгөөд энэ нь  далд авлига, хээл хахуулийг бий болгосон байдаг гэнэ.  Харин АНУ-д эл систем харьцангуй нээлттэй. Гэхдээ сонгуулийн кампанит ажиллагааг санхүүжүүлэхэд ашиглагдах мөнгө босгоход бизнесийн элитүүд дундаж давхаргынхнаас илүү  нөлөө үзүүлдэг нь судалгаанаас харагддаг байна. Гэтэл Монголд улс төрийн намууд санхүүжилтээ тайлагнах тухай хуулийг зүгээр л орхигдуулсан байдаг.  Тиймээс бизнесмэнүүдийн  улс төрийн намд өгсөн санхүүжилт нь эргэж төлөгддөг аж. Аль хэдийнэ хээл хахуулийг нь төлсөн хүмүүс л   Засгийн газраас зарласан тендер, уул уурхайн лицензийг  авдаг гэж эксперт ярьж байна. 

Монголын нүүрс, зэс, алтны асар их баялгаас олох орлогыг элитүүд тэгш бусаар захиран зарцуулж буй нь санамсаргүй хэрэг огтхон ч биш. Гэтэл Монголын хүн амын 30 орчим хувь нь ядуурлын шугамаас доогуур амь зууж байгаа юм. “Сант Марал” судалгааны байгууллагын захирал Л.Суматигийн хэлж буйгаар монголчууд хүн бүр хуулийн өмнө адил тэгш эрхтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой гэх мэт ардчиллын үзэл баримтлалуудыг одоо ч дэмждэг аж. Гэвч, тэд өөрсдийн сонгосон төрийн түшээддээ сэтгэл хангалуун бус байдаг байна. 

“Сант Марал”-ын хамгийн сүүлд явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, судалгаанд оролцогчдын 34 хувь нь Засгийн газрын бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол 42 хувь нь улстөрчид зөвхөн өөрсдийн ашиг сонирхлын төлөө л бодлого гаргадаг гэж хариулжээ. Түүнчлэн, 10 хүн тутмын зургаа нь сонгогчид улс төрийн шийдвэр бодлогод бага болон огт нөлөө үзүүлж чаддаггүй гэж хариулсан бол 87 хувь нь улс төрийн намууд ард түмний санаа бодлыг төлөөлж чаддаггүй гэж дүгнэсэн байна. 
Нөгөөтэйгүүр, Хэвлэлийн хүрээлэн, Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас ирүүлсэн мэдээллээр,  хамгийн түгээмэл хэвлэл мэдээллийн хэрэгслийн бараг дөрөвний гурав нь өнөөгийн болон өмнө нь улс төрийн өндөр албан тушаал хашч байсан хүмүүсийн өмчлөлд байдаг аж. Энэ мэтээр, тогтворгүй байдал, авлигын улмаас олон монголчууд өөрсдийнх нь ашиг сонирхлыг хамгаалах хүчтэй удирдагчийг эрэлхийлэх болжээ. 

“Сант Марал”-ын гуравдугаар сард явуулсан санал асуулгад оролцогчдын гурван хүн тутмын хоёр нь ардчилсан системийг сайн гэж үнэлсэн бол дөрвөн хүний гурав нь  хүчтэй удирдагчийг эрэлхийлж байсан аж. 

Тус улсын өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын эдийн засагт давамгайлж буй уул уурхайн бизнес эрхлэгч хэнийг ч улс төрд орохыг хориглох тухай заалтыг хуульд оруулахыг эрмэлзэж байгаа. Харин өмнөх Ерөнхийлөгч нь улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох хууль санаачилж байсан юм. Гэвч УИХ дахь хоёр гол улс төрийн хүчин өөрсдөд нь заналхийлэх хуулийн заалтыг батлах сонирхолгүй байдаг гэдгийг шинжээчид онцлов. Үнэн хэрэгтээ Монголын АТГ-аас дөрөвдүгээр сард зэсийн уурхайтай холбоотой авлигын асуудлаар Сангийн сайд асан болон хоёр экс Ерөнхий сайдыгаа баривчилсан байдаг. Гэхдээ тэд өмнө нь биш, албан тушаалаасаа буусныхаа дараа авлига авсан байж магадгүй гэж сэжиглэж байгаа аж. 

Харин дээр дурьдсан  “60 тэрбумын хэрэг”-ийн аудио бичлэгийг МАН-д стратегийн ахлах шинжээчээр ажиллаж байсан Г.Доржзодов намын хуралд оролцохдоо АЙ-пад дээрээ бичиж авчээ. Г.Доржзодовын хэлснээр, уг аудио бичлэгийг Шүүх шинжилгээний хүрээлэн шалгаж,  эхэндээ жинхэнэ гэдгийг тогтоосон ч, 2016 оны парламентын сонгуульд  МАН ялалт байгуулсны дараа шийдвэр нь өөрчлөгдөн “эвлүүлэг” болгосон гэнэ. МАН-ын улстөрчид бичлэгийг “эвлүүлэг” гэж мэдэгдэж байгаа ч, АНУ-ын тусгай шинжээчид шалгаж үзээд эвлүүлэг биш гэдгийг тогтоосон байна. Түүнээс хойш сүүлийн хоёр жилийн хугацаанд Доржзодовыг улстөрчид сүрдүүлж, цагдаа, тагнуулын байгууллагаас удаа дараа байцаан, шалгаж, хэвлэл мэдээллээр ч  шүүмжлэх болжээ.  Өнөөдөр тэрбээр ажилд ч орж чадахгүй болсон байна.  Г.Доржзодов  орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би тэр хэргийн цаана юу яригдсаныг олон нийт мэдэх хэрэгтэй гэж бодсон.  Би сонгогчдын нүдийг нээхийг л хүссэн” гэж ярьсан байв.