ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

М.Энхболд: Би 60 тэрбумтай холбоотой бүх материалыг Л.Оюун-Эрдэнэ гишүүнд өгсөн

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-06-28

Д.Эрдэнэбат: Ц.Нямдорж сайд аа, таны хэлсэн үг хууль биш

 

УИХ-ын ээлжит бус чуулганаар өчигдөр нийт 16 хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн билээ. Хэлэлцэх асуудлын дараалалд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд,  “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” гэх мэт нийт арав гаруй асуудал багтсан юм. Хурлын эхэнд хэлэлцэх асуудлын дарааллыг батлахад УИХ-ын гишүүн  “УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Монгол Улсад хүн амьд явахад хэцүү болжээ. Өдөр бүр л таагүй мэдээлэл гарч байна. 60 тэрбумын асуудлаа шийдэх хэрэгтэй байна. Нэг гишүүн нь чуулгандаа суухгүй, нээлттэй сонсгол хийнэ гээд гишүүдийн гарын үсгийг цуглуулж байна.

60 тэрбумын асуудлыг яаралтай шийдвэрлэж цэг тавихгүй бол сонгууль дөхөх тусам асуудал үүснэ.  Зөвхөн нээлттэй сонсгол хийгээд  шийдэгдэх асуудал биш” гэж хатуухан сануулав. Мөн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай  хуульд АН –ын бүлэг тав хоногийн завсарлага авна. Хуулийг зайлшгүй судлах, нягтлах хэрэгтэй байна. УИХ-ын дарга аа АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч байна” гэдгээ хэлсэн юм. Түүнчлэн Ц.Нямдорж сайд “Эрдэнэтийн 49 хувийн асуудалд эрүүгийн хэрэг үүсчихсэн явж байгаа шүү дээ. Эрдэнэтийг луйвардсан аргаа хамгаалж үлдэх гэж, Захиргааны ерөнхий хуулийг чангааж байна. Над руу дайраад бүтэхгүй болохоор нь одоо энэ хуулийг чангааж байна. Засгийн газраас оруулсан хуулийн төсөл. Түүнээс би дангаараа оруулчихсан зүйл биш.

Луйврын талд шийдвэр гаргаад байхаар нь шийдэх гэж оруулж байна. Д.Эрдэнэбат аа,  та нарын хийсэн ажил. Үгүй гэж байгаа бол надтай шүүх дээр уулзаарай” хэмээн бухимдаж, хуулиа хамгаалах гэсэн боловч хариуд нь УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Ц.Нямдорж сайд аа бухимдах хэрэггүй. Над руу дайрах ч шаардлагагүй. Би хууль ярьж байна. Би Эрдэнэтийг  яриагүй. Таны хэлсэн үг хууль биш. Та битгий олон юм яриад бай” гэж ширүүхэн хэлсэн юм. Дараа нь УИХ-ын дарга М.Энхболд “60 тэрбумын асуудлаар Л.Оюун-Эрдэнэ гишүүн АТГ-т хандсан. Надад байсан бүх материалыг Л.Оюун-Эрдэнэ гишүүнд өгсөн. Энэ асуудлыг ЦЕГ, АТГ, УЕП-оос шалгаад хэрэгсэхгүй болгосон юм билээ. Тиймээс нээлттэй хэлэлцүүлэг хийх эсэхээ шийдэх байх. Би 2016 оны  УИХ-ын сонгуульд намын даргаар ажилласан. Хэн нэгнээс мөнгө авч,  албан тушаалд томилсон нэг ч тохиолдол байхгүй. Бүлгийн даргын хувьд тав хоногийн завсарлага авч байгаа бол өгнө” хэмээн хэлсэн юм.

Өчигдрийн чуулганы хэлэлцэх асуудлын хамгийн чухал нь “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төсөл билээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Л.Болд “Тавантолгойн хувь заяаг шийдэх олон алхам хийж байгаа. Энэ олон жил ярьж байгаа асуудал. Тавантолгойг хөдөлгөе гэж байгаа Засгийн газрын буруутгах аргагүй. Одоо ингээд 30 хувийг нь гадаад, дотоодын хөрөнгийн биржид  арилжина. Мэдээж Нью-Иорк, Лондонгийн бирж хүртэл явахгүй. Шанхай, Хонконг, Монголын хөрөнгийн биржид арилжина. Энэ 30 хувийг хэн хяналтдаа оруулах вэ гэхээр ойлгомжтой байна. Хамгийн зөв дараалал бол байгалийн баялгийг ард түмнээрээ  эзэмшихгүй бол хөдлөхгүй ээ” гэсэн юм. Дугаар шилжих мөчид Тавантолгойн ордын асуудлыг хэлэлцэж байв.