ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Тойргийн тандалт: Архангайн “балаг”-тай гурав

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-05-07

УИХ-ын сонгууль болоход сар гаруйхан хугацаа үлдсэн билээ. Улс төрийн намууд энэ сарын дундуур нэр дэвшигчдээ албан ёсоор зарлаж, үнэмлэхийг нь гардуулах учиртай. Тиймээс манай сайтын зүгээс сонгогч болон уншигчдад зориулан тухайн тойргоос сонгогдсон гишүүд хэрхэн ажилласан, ямар асуудалд холбогдсон зэрэг мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд хэрхэн ажилласан талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.

Архангайн “балаг”-тай гурван гишүүн

2016 оны УИХ-ын сонгуульд МАН илтэд илүүрхэж, нийт 65 хүний суудал авсан билээ. Энэхүү ялалтын буухиа  Архангай аймагт хүртэл түүчээлсэн гэхэд болно. МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг нар нэр дэвшиж цэвэр ялалт байгуулж байлаа. Гэхдээ тэд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сонгогчдод амласан амлалт, тойрогтоо анхаарсан байдал, орон нутгийн хөгжилд ч үүрэг гүйцэтгэсэнгүй. Эсрэгээрээ энд намын даргаа огцруулах, тэнд тендер зувчуулах, хэнтэй казино тоглосноо гайхуулж, хэдэн төгрөг идсэн талаараа хэвлэлийн хурал хийж явлаа.  

Албан тушаал эрх мэдлийн төлөөх өрсөлдөөнд илүүтэй анхаарч, намынхаа дотоод хагаралд гол үүрэг рольтой оролцож, нэр хүнд муутайхан бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавар болгож байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хувьд Ж.Эрдэнэбатын буюу “Мэргэжил”-ийн тодотголтой Засгийн газарт  ЗГХЭГ-ийн даргаар ажиллаж байсан. Тэрбээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан хугацаандаа улс орны бодлого, хөгжил, ирээдүйтэй холбоотой асуудалд анхаарал хандуулсан гэхээс илүүтэй албан тушаал, эрх мэдэл, алдар нэр л хөөцөлдөж байсан юм. Энэ хугацаанд түүний  байгуулсан гавьяа гээд наачих, гялайж, гялтайх ганц ч ажил олдсонгүй.

Харин “Мэргэжлийн тодотгол”-той Засгийн газар нуран унаж, дараагийн хүмүүст эрх мэдэл шилжихэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын баг бүрэлдэхүүнээс шударга үнэнийг нэхэж байсан удаатай. Тэр бүү хэл, “Намайг шоронд хийх гэж байгаа бол хий. Би тэр шоронгоос чинь гараад ирнэ. Гарч ирж байгаад, үзүүлээд өгнө шүү. У.Хүрэлсүхээ чи их бяртай юм байна лээ”, “Засгийн газар огцор, УИХ таръя” гэх зэрэг уриалгыг гаргаж, гомдлын үгээ чулуудсаар үүрэгт хугацаагаа дуусгавар болгож байгаа нэгэн. Мөн тэрбээр  2016-2020 оны парламентад суух хугацаандаа казино, концесс зэрэг асуудалд нэр  холбогдож, олны дунд таагүйхэн үнэлэмжтэй гишүүдийн тоонд зүй ёсоор багтлаа.

Түүнчлэн, өнгөрсөн хугацаанд тойрогтой анхаарч чадаагүй Ж.Мөнхбат гишүүн Хан-Уул дүүрэгт “Оюутны дотуур байр” нэртэй хотхон босгох хөрөнгийг улсын төсөвт суулгаж, залуусын дэмжлэгийг хүртэх санаархалаа эхлүүлсэн юм. Тэгсэн ч 2020 оны УИХ-ын сонгуульд ялах магадлал өндөртэй гишүүний нэг. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хувьд алтан дунджийг баримталсан дөрвөн жилийг өнгөрүүлсэн ч түүний үүрэг роль МАН дотор бага байсан билээ. Түүний хувьд албан тушаал, эрх мэдэлд тэмүүлж, намын дотоод хагаралд хүчтэй нөлөөлсөн зүйл байхгүй.

Гэхдээ үргэлжид арын албанд зүтгэж, "сайн" ах нарынхаа хайр халамжийг гамгүй хүртэж явна. Тэрбээр, өөрөө эрх мэдэл, албан тушаалд хүрч болох ч түүний аав Ч.Ганзориг “Эрдэнэт" үйлдвэрийг удирдаж байх үедээ гадаадын банкинд барьцаалсан байж болзошгүй асуудалд холбогдож, хууль хяналтын байгууллагаар шалгуулаад  байна. Тиймээс эрх мэдэл, албан тушаалаас илүү аавдаа анхаарал хандуулдаг нэгэн. Мөн ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд, тэдний хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд зээл авахад Г.Тэмүүлэн ч гэсэн үүнээс хоцроогүй. Тэрбээр ээждээ ЖДҮХС-гаас 700 сая төгрөг авч өгсөн байдаг.

Тухайлбал,  Довдон овогтой Дэнсмаагийнх нь “Спа цогцолбор” ХХК тус сангаас 700 сая төгрөгийн зээл авсан тухай баримт хэдийнэ олон нийтэд ил болсон юм. Өөрөөр хэлбэл, “Спа цогцолбор” ХХК нь бидний хэлж заншсанаар Хорооллын эцэст байрладаг “Говь саун”-ыг эзэмшдэг   компани. Энэ бүх шалтгаанаас болж, нэр хүндээ унагасан бөгөөд 2020 онд ялалт байгуулж, олонхийн санал авах эсэх нь эргэлзээтэй. БСШУС-ын сайдаар ажиллаж байгаа Ё.Баатарбилэгийн хувьд шийдэмгий, зарчимч нэгэн хэмээн олон нийтээс өндөр үнэлэмж авсан ч түүндээ багтаж чадаагүй юм. Бүхэл бүтэн Монгол Улсын боловсролын яамыг толгойлж байж, техник, технологитой уялдуулсан шийдвэрийг гаргаж чадалгүй, CD  зэргээр хэмжсэн нь хоцрогдсон сайд хэмээх нэрийг хүртсэн.

Түүнчлэн сурагчдын сурах бичиг хангалтгүй, хүрэлцээ  гэх мэт асуудлыг ч дорвитой шийдэж чадаагүй нэгэн. Онцгой цаг үед боловсролын байгууллагыг нэгэн зэрэг зохион байгуулалтад оруулж чадаагүйгээс хүүхдийн амь нас эрсэдсэн асуудал хүртэл гарч байсан удаатай. Түүнчлэн ЖДҮХС-гийн зээлээс мөн хоцроогүй гишүүдийн нэг нь билээ. Тэрбээр “Хүй толгой трейд” ХХК, “Мөрөн агро” ХХК, “Тангад бадмаараг” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдэд зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн хэрэгт холбогдсон ч өөрөө үгүйсгээд өнгөрч байлаа. Мөн  иргэн  Тэрбиш, Анхням, Батцэцэг, Батболд нарт зээл авахад нөлөөлсөн албан тушаалтан гэх. Хоцрогдсон сайдад дахин итгэл үзүүлэх эсэхийг сонгогчид шийдэх биз ээ. Тэгэхээр МАН-аас итгэл хүлээсэн гурав түмэн олондоо нэр нүүрээ бараад үүрэг хугацаагаа дуусгаж байна. Дахиад тэднийг өрсөлдөөнд явуулах эсэхийг харж л сууя. 

 

АН  шинэ, залуу үеэ илгээнэ

АН-ын хувьд 2016 онд Архангай аймагт нэр дэвшсэн хүмүүс бүгд өвдөг шороодсон.. Тухайлбал, АН-аас “Бридж” группын Ерөнхийлөгч Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж, Н.Батбаяр нар нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн юм. Тэгвэл 2020 оны УИХ-ын сонгуулиар АН залуустаа илүү боломж олгохоор болж, туршлагатай улстөрчдийг дагуулан явуулахаар болжээ. Тэднийг “Бридж” группын Ерөнхийлөгч Д.Ганхуяг толгойлно гэсэн урьдчилсан таамаг бий. Түүнтэй хамт УИХ-ын гишүүн асан Б.Болор, УИХ дахь АН-ын ажлын албаны дарга Д.Золжаргал,  УИХ-ын гишүүн асан  Н.Батбаярын охин Б.Жаргалан нарын нэр дуулдаж байгаа. Гэхдээ АН болон залууст боломж байгаа нь нууц биш. Өөрөөр хэлбэл, элдэв асуудалд холбогдож байгаагүй нэр, гар цэвэр залуусаа орон нутагт сойвол ялах магадлал бий.