ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

А.Зургаанжин: Хүнд нөхцөлд амьдардаг хүүхдүүдийг долоо хоног бүр эргэж байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-05-08

Хөл хорио тогтоосон энэ үед Говьсүмбэр аймгийн Боловсролын газраас олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа аж. Энэ  талаар  аймгийн Боловсрол соёл, урлагийн  газрын дарга А.Зургаанжинтай ярилцлаа.

-Говьсүмбэр аймгийн хэмжээд хэчнээн хүүхэд сургууль болон цэцэрлэгт хамрагдаж байна вэ. Сургууль, цэцэрлэгийн  хүрэлцээ хангалттай юу?

-Говьсүмбэр аймгийн  боловсролын салбарт  таван сургууль, 10 орчим  улсын болон хувийн  цэцэрлэг  ажиллаж байна. ЕБС-ийн  хамран сургалт 100 хувь бөгөөд  ялангуяа бага ангийн хамран сургалт  121 хувьд хүрсэн.  Харин СӨБ-ын хамран сургалт 85,3  орчим хувьтай. 2019-2020 оны хичээлийн жилд Говьсүмбэр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр,  нийгэм,  эдийн засгийн үндсэн чиглэлд тусгасан олон ажлыг бид  хэрэгжүүлсэн. Үүний нэг нь канад загвараар баригдсан зургадугаар цэцэрлэг ашиглалтад орсон ажил. Тус цэцэрлэгт100 хүүхэд хамрагдахаас 193 хүүхэд суралцаж байгаа юм.  Мөн Азийн хөгжлийн банк болон улсын  төсвийн хөрөнгө оруулалтаар өргөтгөл,  шинэ цэцэрлэг  барьснаар олон хүүхдийг хамруулж чадсан.  Ингэснээр 2020  онд  нийт 390 орчим хүүхэд  цэцэрлэгт хамрагдах таатай боломж бүрдэнэ. 2019-2020 онд бид Хоёрдугаар сургуулийн 640 хүүхдийн анги танхимыг байгуулан, энэ намар ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Харин 2020-2021 оны хичээлийн жилд Шивээговь сумын гуравдугаар сургуулийн барилгын ажлыг  эхлүүлэхээр  зураг төсөв, тендерийн ажиллагааг зохион байгуулахаар болсон. Одоогоор ЕБС-д 3797, СӨБ-ийн байгууллагад  1725 хүүхэд тус тус  хамрагдаж байгаа.

-Коронавирусийн  халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд эцэг, эхчүүд болон багш ажилчдад ямар үүрэг чиглэл  өгч  байгаа вэ?

-Хөл  хорио тогтоосон  энэ үед БСШУС-ын яамнаас сургууль, цэцэрлэгүүдийн сургалтын үйл ажиллагааг зургадугаар сарын 1-ний өдөр  хүртэл хязгаарлах чиглэл өгсөн. Энэ хүрээнд сургуулийн  багш  нар хүүхдүүдтэй 100 хувь цахим орчинд  ажиллаж байна. Долоо хоногт  2883, СӨБ-ын 1056 эцэг, эхэд  буюу  77  хувьд нь  халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийг  ахуйн орчинд  эрсдэлээс хамгаалах,  хүүхдүүдийн  теле хичээлийг  цаг тутамд чанартай,  хариуцлагатай үзэх, эцэг,  эхийн  дэмжлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр  мэдээлэл сурталчилгаа хийж байна.  Мөн теле хичээлийг боловсролын яам,  Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэн,  Багшийн  мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулж буй сургалтуудыг цаг тухайд  нь хүүхдүүдэд өгдөг. Цэцэрлэг,  бага ангийн  сурагчид  өөрийнхөө ангийн багшийг их  санагалздаг  нь харагдсанаас гадна  ангийнхаа багшийн заасан хичээлийг илүү сонирхолтой хүлээж авдаг юм билээ. Тиймээс  бид СӨБ-ын багш  нараар сайжруулсан сургалтын агуулга болон ахуйн ослоос сэргийлэх, халдварт өвчнөөс  сэргийлэх чиглэлээр150 гаруй хичээлийг  бэлтгэж 470 орчим хүүхдэд хүргэсэн.

-Малчдын хүүхдийн сургалт,  теле хичээлд хэрхэн анхаарч байгаа вэ. Сүлжээ муу байхаас гадна  эцэг, эхдээ туслах зэрэг  олон шалтгаан байдаг  шүү дээ?

-Малчдын хүүхдүүдийг  теле хичээл үзэх асуудалд  бид  олон арга хэмжээ авч  байна. Малчин айлын хүүхдүүдийн 56 орчим хувь нь цахим орчинд  теле хичээлээ үзэж байгаа. Мөн  багш нар гарын авлага,  боршуур өгөх , эцэг,  эх бусад насанд хүрэгчдээр дамжуулан хичээлийн  хэрэглэл тараах  ажлыг  зохион байгуулж байна. Зөвхөн тарааж өгөөд  зогсохгүй  эргэх холбоотой ажиллаж байгаа. Өнгөрсөн  дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар бид  таван настай хүүхдүүдийг  сургуульд  бэлтгэгдсэн байдлыг  нь сайжруулах,  тэднийг сургуульдаа ороход  бэлтгэх зорилгоор 471 сургалтыг материалыг  эцэг,  эхчүүдэд  тараалаа. Тус гарын  авлагыг үзэж нэг сарын турш ажиллахаас гадна, теле хичээлээ хүүхэдтэйгээ хамтарч хийснээр зургаан настай хүүхдийг  сургуульд  оруулах бэлтгэлийг хангана гэсэн үг.

-ЭЕШ-ын талаар мэдээлэл өгөхгүй юу. Энэ жил хэчнээн хүүхэд ЭЕШ аймгийн хэмжээнд өгөх вэ?

-Говьсүмбэр аймгийн хэмжээнд  энэ хичээлийн  жилд есдүгээр ангийг 279 хүүхэд ,  12 дугаар ангийг 183 хүүхэд  тус тус төгсөнө. Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр ЭЕШ-ын бүртгэл дууссан. Үүнээс харахад  арванхоёрдугаар ангийг  төгсөх 176 хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн байна.  Бид зургадугаар сарын 7-н гэхэд ес болон  арванхоёрдугаар  ангийн  хүүхдийн  боловсролын  бичиг  баримтыг олгоно.

-Бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа вэ. Улсын  хэмжээнд сүүлийн  жилүүдэд амжилттай үзүүлэлт гаргасан байсан?

-ЭЕШ-ын бэлтгэлийг  хангахын тулд  бид  хичээлийн  жил эхлэхэд   мэргэжлийн  багш нар,  сургалтын менежер, захирлуудтай хамтран бүтэн жилийн  хугацаанд  бэлтгэх  элсэлтийн  шалгалтын төлөвлөгөөг  боловсруулж,  тасралтгүй ажиллаж байна. ЭЕШ-д  бэлтгэхэд  аймгийн  нийгэм, эдийн  засгийн үндсэн чиглэлийн  дагуу Боловсролыг дэмжих хөтөлбөрөөс дэмжиж,  хөрөнгө,  санхүүжилтийг  зарцуулдаг.  Энэ хүрээнд 2019 оны хичээлийн жилд  ЭЕШ-д  амжилт үзүүлсэн 21 багшийг  2.2 сая төгрөгөөр  урамшуулсан. Цахим болон хөндлөнгийн шалгалтын  хяналт шинжилгээг сайжруулахад  тав  орчим сая төгрөгийг  зарцуулаад  байна. Үүний үр дүнд  ЭЕШ-ын  дундаж оноо жилээс жилд  ахисан  үзүүлэлттэй гарсан.  Илүү сайжруулахын тулд  ойрын хугацаанд хүүхдүүдтэй цахим орчинд  холбогдож,  цахим сорилыг  гурван  удаа  зохион байгууллаа.  Мөн арванхоёрдугаар ангийн сурагчид  багштайгаа эргэх  холбоотой ажиллах  шаардлагатай. Эцэг, эхчүүд  ч  шалгалтдаа бэлтгэх нөхцөл боломжийг бүрдүүлж өгөхийг  уриалж байна.

-Багш нарын ур чадварыг сайжруулах, нийгмийн асуудлыг нь  хангахад хэрхэн анхаарч байна вэ.  Боловсролын  салбарыг нуруундаа үүрч яваа гол хүмүүсийн нэг шүү дээ?

-Боловсролын  салбарт ажиллаж буй багш  нарын  хангалтын тухайд хэд  хэдэн  дэвшил бий. Тухайлбал,  СӨБ-ын  багш нарын хангалт 94.1  хувь байгаа  бол ЕБС-ийх 99.4 хувьтай байна. 2019-2020 оны хичээлийн  жилд  цэцэрлэг болон  бага анги,  англи хэл, математик , технологийн багш нар  дутагдалтай байсан. Харин  ирэх хичээлийн жилд дутагдалтай багш  нарын  судалгааг  тавдугаар сард  гаргана. Улмаар боловсролын  системийн  цахим хаяг,  энэ чиглэлээр  мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудад  хүсэлтээ явуулж,  олон багш  нарыг  ажилтай болгох зорилгоор наймдугаар сард сонгон шалгаруулалтад  бэлтгэнэ.   Багш нарыг чадваржуулах чиглэлээр  Боловсрол соёл урлагийн газар 2019-2020 онд дөрвөн  чиглэлээр 56 сургалт төлөвлөснөөс  30 гаруй хувьтай байна.  Багш нарын  нийгмийн  асуудлыг  шийдвэрлэхийн тулд   боловсролын тухай хууль болон  Төрийн албаны тухай хуулийн  дагуу цалин  хөлсний нэмэгдлийг 100 хувь олгож байна. Багш  нарын цалин хөлс хүрэлцэхгүй байгаатай холбогдуулан  оны төгсгөлд дутагдалтай цалин хөлсийг жил бүр  шийдвэрлэж олгодог.  Мөн  багш  нарт  орон сууцны асуудал хүндрэлтэй байдаг  тул  аймгийн удирдлагууд бодлогоо боловсруулахад  саналаа оруулсан.

-Гадаад  хамтын ажиллагааны тухайд?

-Гадаад  харилцааны хувьд  Энхтайвны корпусын чиглэлээр англи хэл, эрүүл мэндийн  багш нарыг сайн дурын ажилтнаар ажиллуулдаг. Ингэснээр монгол, англи хэлний багш нарын бие даан суралцах чадвар,  ажлын  байрны чадвар,  хамтран  ажиллах,  сургалт,  арга зүйн  чадвар сайжирдаг.

-Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд  багш,  ажилчдыг хэрхэн дайчилж байгаа вэ. Эргүүлд гарч байгаа юу?

-СӨБ-ын  байгууллагад 94  багш,  туслах багш ажиллаж байна. Харин 81  туслах ажилтан ажилладаг. ЕБС-д 185 багш, 96  ажилтан  ажилладаг юм. Өндөржүүлсэн бэлэн  байдлын үед БСШУС-ын яам аймгийн Засаг дарга, онцгой комиссоос өгч буй  зөвлөмж чиглэл,  захирамжийг үндэслэн хариуцлагатай ажиллахын тулд,  сургууль бүрт  өдөр тутам хариуцлагатай жижүүр  ажиллуулдаг.  Зөвхөн нэг долоо хоногийн  хугацаанд  цэцэрлэгийн 53  багш,  сургуулийн 101  багш эргүүлээр ажиллаж   1109 хүнд  нөлөөллийн  ажил хийлээ.Улсын  байгууллага бүр  ариутгал ,  халдваргүйжүүлэлтийг  өөрсдийнхөө хэмжээнд  хийж  байна. Боловсролын  байгууллага төдийгүй соёл  урлагийн  байгууллагууд цахим орчинд үйл  ажиллагаа явуулж эхэлсэн. Тухайлбал, цахим орчинд ургийн  бичгийг хэрхэн бичих, хүүхдүүдэд үлгэр,  найраглал,  өгүүллэг уншиж өгөх, сонсгох нөхцөлийг  бүрдүүлж байна. Иргэдэд  шаардлагатай соёл урлагийн  үйлчилгээг  үзүүлэх,  гэрээр ном хүргэж өгөх  гэх мэтчилэн  олон арга хэмжээг зохион байгуулж байна. Мөн бид Гэр бүл  хүүхэд залуучуудын  газартай хамтран  хүнд  нөхцөлд амьдардаг хүүхдүүдийг долоо хоног  бүр  эргэдэг. 2020 оны дөрөвдүгээр сарын 18-23-ны өдрүүдэд  187 хүүхдэд гэрээр нь  боловсролын  үйлчилгээ үзүүллээ.

-Ойрын хугацаанд  хийж хэрэгжүүлэх ажлаасаа дурдахгүй юу?

-Ойрын  хугацаанд  боловсролын салбарт хийх томоохон өөрчлөлт, зохицуулалтууд  байгаа. Тухайлбал, СӨБ-ын хүүхдүүдийн  телевиз  үзэх  хандалт тогтвортой байгаа бол ЕБС-ийн  сурагчдынх нэлээд  буурсан  үзүүлэлттэй байна. Үүнд  эцэг, эхчүүд хариуцлагатай хандаж, 1-6  сард  үзэх хичээлийн агуулгыг  нөхөхөд  хүүхдүүдтэйгээ хамтарч ажиллахыг  зөвлөж байна. ЭЕШ долдугаар сарын  3-5-ны өдрүүдэд Тавдугаар сургуульд болно. Бид  хүүхдүүдийг  олноор нь нэг ангид суулгахгүй байхад анхаарч ажиллана. Өнгөрсөн  хичээлийн  жилээс эхлэн ЭЕШ-ын  дүнг шууд зарладаг болсон учраас хүүхдүүдээ сэтгэл зүйн  хувьд  бэлтгэж,  шалгалтын өдрүүдэд  хамт ажиллаарай гэж эцэг, эхчүүдэд хэлмээр  байна. Их дээд сургуулийн хуваарь олголт, долдугаар сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Ихэнх их дээд сургуулиуд цахимаар  элсэлтээ хийдэг учраас  мэдээлэл сайтайбайх шаардлагатай.

-Цэцэрлэгийн болон нэгдүгээр ангид шинээр элсэх хүүхэдтэй эцэг,  эхчүүд юуг анхаарах вэ?

-Нэгдүгээр анги болон, цэцэрлэгийн  шинэ элсэлтийг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулна. Гэхдээ энэ сард элсэлтийн судалгаагаа аваад Боловсрол соёл, урлагийн газрын цахим хаягаар мэдээллээ хүргэнэ. Аль цэцэрлэгт хэдэн насны  хүүхэд элсүүлэх  талаарх мэдээллийг өгөх юм.  Энэ жил  нэг зүйлийг сануулахад, коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан   нүүдлийн  гэр цэцэрлэг хичээллэхгүй. Уг нь 180-200 орчим малчдын хүүхдийг СӨБ-д хамруулдаг байсан. Тиймээс эцэг  эхчүүд нэгдүгээр ангид  хэрхэн орох, хүүхдэдээ хэрхэн тусалдаг вэ гэсэн гарын авлагыг цэцэрлэгийн багшаар нь дамжуулж бүх хүүхдүүдэд түгээнэ.

-Анги дэвшин  суралцах сурагчдад  мэдээлэл өгөөч?

-ЕБС-ийн хүүхдүүдийг 100 хувь дараагийн ангид элсүүлнэ. БСШУС-ын  сайдын  тушаалын дагуу хүүхдүүдийн жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын дүнг теле хичээлийн гүйцэтгэлийг үндэслээд ахиулж болно. Теле хичээл үзэх боломжгүй,  гэр бүлийн ялгаатай байдлаас шалтгаалан хүүхдүүд боломж бололцоогоо ашиглаж чадаагүй бол хоёрдугаар улирлын дүнг бууруулахгүйгээр үнэлэх ёстой. Одоогоор дотуур байранд амьдарч байсан сурагчид, цэцэрлэгийн хүүхдийн хэрэгслийг тарааж байна. 2020 оны  хичээлийн  жилийн  төгсгөлд сургууль, цэцэрлэгт өөрсдийн нөөц бололцоогоор урсгал засвар хийж дуусгана.  Тиймээс эрдмийн баяр, сургуулийн засвар  хийх, хандив цуглуулах зэргээр эцэг, эхээс мөнгө цуглуулах ямар ч ажил  байхгүй. Эцэст нь хэлэхэд,  хүүхэд  бүр  хичээлийн хоцрогдолгүй, теле хичээлээ үзэж,  халдварт  өвчнөөс гэр бүлээрэй сэргийлэхийг  уриалж байна.