ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Барилга, инженерийн цэргийг бие даасан болгож, бүтээн байгуулалтад оролцуулна”

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-05-08

УИХ-ын чуулганы хуралдаанаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн О.БаасанхүүЦэргийн албанд амжиргааны түвшин доогуур айлын хүүхдүүд ордог. Үр дүн багатай байдаг. Тиймээс бүтээн байгуулалтад цэргүүдийг хамруулж, цалин, урамшуулалтай болгох заалт оруулах уу хуулийн төсөлд Цэргийн албыг хугацаатай болон хугацаагүй, гэрээт гэх мэт байдлаар явах боломж байна уу. Энэ талаар мэдээлэл  байна уу” гэлээ. Түүний хариуд хуулийн төслийн санаачилагч УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Төмөр замын томоохон бүтээн байгуулалт өрнөж байгаа. Зэвсэгт хүчнийхэн гар бие оролцон ажиллаж байна. Жилд 80-90 мянган цэргийн албаны настан байдгаас гурван хувийг л цэрэгт хамруулах боломж, төсөв санхүүтэй байгаа. Энэ хуулийн том зүйл нь барилга, инженерийн цэргийг бие даасан болгож, бүтээн байгуулалтад оролцуулж, гэрээт цэргийн алба хаах, цалин хөлс нь аж нэгж компанид ажиллаж байгаа шиг жишигтэй байх, бүтээн байгуулалтад оролцох нь зүйтэй юм гэсэн Ерөнхийлөгчийн санал энэ хуульд тусаад явна” гэсэн юм.

УИХ дахь АН-ын Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Барилга, инженерийн цэргийн анги нээхийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Барилга, бүтээн байгуулалтын ажил олон жил үргэлжилдэг. Нэг  жилийн цэргийн алба хаахтай хэр зохицож байгаа вэ. Цэргийн албыг хоёр жил болгох боломж байна уу. Манай залуучууд бие бялдрын хувьд суларсан. Цэргийн алба бол хөдөлмөрч, бие бялдрын хувьд сайжруулдаг. Тиймээс хөдөлмөрлүүлж, урамшууллаа аваад явдаг байдлыг бий болгох нь зөв” гэв.