ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монголын маргааш яана аа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-05-08

- Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа, УИХ-ын дарга аа, улс орноо авраач-

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ерөнхий чиг үүргийн сайд нарыгаа эгнүүлэн суулгачихаад “Бид хүүхдүүддээ 100 мянган төгрөг өгнө. Халамжийн мөнгийг нэмнэ. Хувьцааны мөнгийг чинь маргааш дансанд чинь оруулчихна” хэмээн “хурган” баян шиг аашилж суухуй дор “Ройтерс” зэрэг дэлхийн томоохон агентлагууд Европын холбоо хар жагсаалтаа шинэчилж, есөн улсыг энэхүү жагсаалтад оруулахаар болсон гэх мэдээг дэлхий нийтэд цацав.

Муу муухайг сайн мэдээллээр баллуурддаг жишиг тэр үед өрнөсөн учраас “хар жагсаалт”-ын тухай цөөхөн хэд нь дуугарч, цөөнгүй нь хүүхдийн 100 мянгаа хэрхэн үрэх талаар маазран ярилцаж байлаа. Гурилын мөнгөө л авч байвал гадна талд юу болж байгаа нь огтхон ч хамаагүй нийт массыг энд буруутгаад ч яах билээ. Цар тахлын энэ үед ажлаас халагдсан, ажилгүй сууж байгаа иргэддээ халамжийн бодлого үзүүлж буй төрийн шийдвэрийг буруутгахгүй. Гэхдээ даган гарах эрсдэл, сонгуулийн дараах амьдрал, “хар жагсаалт”-аас болж үүсэх хор хохирлоо ч эрх баригчид нууж, хааж боломгүй санагдах юм.

Европын комисс шийдвэрээ өчигдөр албан ёсоор танилцуулав. Ингэхдээ мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой стратеги дутагдалтай, ийм гэмт хэрэг гарах өндөр эрсдэлтэй хэмээн Багамийн арлууд, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайка, Маврики, Монгол, Мьянмар, Никарагуа, Панама, Зимбамве гэсэн есөн улсыг хар жагсаалтад оруулах ёстой хэмээн танилцуулжээ.

Энэхүү шийдвэрийг сарын дараа албажуулах бөгөөд энэ хугацаанд ЕХ-ны зүгээс эдгээр улс орнуудад шийдвэрээ танилцуулах, жагсаалтаас гарах арга хэмжээ авахыг зөвлөх, мөн Европын парламент, Европын зөвлөлд ч танилцуулах гэнэ. Манай улсын тухайд өмнө нь энэхүү жагсаалтад “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй” гэх шалтгаанаар орох шахсан удаатай.

“Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр нэлээд хожуу ухаарсан эрх баригчид Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт бүгдийг ацаглаж орхисон байдаг. Сайдын тухайд сар гаруйн хугацаанд бүх л уулзалт, яриа хэлэлцээрийг хийж, татварын багц хууль батална, шинэчилнэ гэх мэтээр олон амлалт өгсний дараа жагсаалтаас гарч байсан ч сануулга авчихсан байсан төр нь харин сахилга батаа чангатгаж чадаагүйг энэ удаагийн жагсаалт дахин нотлов. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улс дотоодын улстөржилтөөсөө үүдэж, гадаадад хэтэрхий муу нэр зүүж, эдийн засгийн өндөр эрсдэлтэй, мөнгө угаах гэмт хэргийн үүр уурхай болсон хэмээн цоллуулж байлаа.

Гадны улс оронд байгаа Элчин сайд, Консулын газрын ажилтнууд нь хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис наймаалдаг асуудал нь хамгийн том шалтгаан болсон. Бүр мафийн бүлэглэл Монголын Элчин сайдын яамдад ”үүрлэж” байсныг илчилсэн нь саяхных.

Мөн дотоодын улстөржилт буюу “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон маргаан энэ жагсаалтад ороход томоохон нөлөө үзүүлжээ. ОХУ-аас оруулж ирсэн 49 хувийг авахдаа 400 сая ам.долларыг Засгийн газар нь хувийн хэвшилд зээлүүлсэн, эх үүсвэр нь тодорхойгүй байсан гэх мэтээр улстөржүүлж, нэгнээ намнасан нь эцэстээ терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаах эрсдэлтэй гэсэн жагсаалт руу түлхчихлээ. Бод доо. Байгалийн баялгаараа дэлхийд эхний 10-т эрэмбэлэгддэг, гуравхан сая хүн амтай, хоёр ч том орд нь эдийн засгийн эргэлтэд тогтмол орж байгаа атлаа бид дээсэн дөрөөн дээр дэнжигэнэж, “терроризмыг санхүүжүүлэгч улс орон” хэмээн цоллуулж байна шүү дээ. Энэ хэний гавьяа вэ.

Төсвөө тодотгохгүй гэж улайрч, түүгээр явсан хүн бүхэнтэй хэрүүл хийж гүйсэн Ч.Хүрэлбаатарын буруу юу. Удирдаж байгаа улс нь гадна талдаа нэр хүндээ бүрэн алдчихаад байхад дотооддоо 100 мянган төгрөг тарааж буй Ерөнхий сайдын буруу юу. Эсвэл эрх баригчдаа хазаарлаж чадаагүй сул сөрөг хүчин үүнд буруутай юу. Мэдээж энэ бүхний дараа хэн ч буруутан болохгүй.

Бүгд л арьсаа хамгаалцгаана. Гэвч, Сангийн яаманд ажиллаж буй чадварлаг баг хамт олныг удирдаж чадахгүй атлаа твиттерээр ажлаа явуулж, Увсын улаан хамгаалагч нараараа эвийлүүлж байсан Ч.Хүрэлбаатар үүнд буруутай. Дипломат албан тушаалд мэргэжилтэй, мэдлэгтэй нь биш ах дүү амраг садан, анд найз, тэтгэвэрт гарсан хурандаа нарыг шахаж байсан төр өөрөө буруутай. Үүнд нь Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга ч хамаарна.

Дотооддоо оруулж ирсэн “Эрдэнэт” үйлдвэрээ зохицоод удирдаж чадахгүй, улстөржүүлсэн хүн бүхэн буруутай. Нөгөөтээгүүр, банкуудад хийсэн шалгалт ч үүнд нөлөөлөв. Европын холбоо энэхүү шийдвэрээ гаргахдаа Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллага болох FATF-ын саарал жагсаалтыг үндэслэл болгодог.

Гэтэл манай улс өнгөрөгч оны аравдугаар сард энэхүү жагсаалтад орсон байсан. Үндэслэлд дурдсан хэрэгжилтийн зөвлөмжийн 40-өөс 35-ыг нь, шууд хэрэгжилтийн 11 зөвлөмжийн долоог нь хангачихаад байлаа. Гэтэл, саарал жагсаалтаас гарах арга замаа бус гаргах гэж явж байсан Монголбанкны Ерөнхийлөгчөө халах тухай л тэд ярьсан. Даргыг сольчихвол асуудал дагаад намжина гэсэн явуургүй улстөржилт нь эцэстээ ийм байдалд хүргэжээ. Өөрийн хөрөнгөө хэрхэн нэмэгдүүлсэн нь тодорхойгүй банк санхүүгийн байгууллагаа хянаж чадаагүй, арилжааны 13 банкныхаа эздэд “бөлдөгдүүлсэн” нь улсаараа хар тамга даруулах шалтгаан болов.

Цаашдаа бидэнд нэгхэн сарын хугацаа үлдэж байна. Бүтэн долоон сар өнгөрчихөөд байхад саарал жагсаалтын асуудлаа шийдээгүй төр нэгхэн сарын дотор өргөс авсан мэт бүхнийг арилгаж, баллуурдана гэдэг юу л бол. Тиймдээ ч дараагийн парламент бүрдэж, баярын хундагаа тулгах мөчид Монгол Улс ч “хар жагсаалт”-ад нэрээ бичүүлж, Зимбабве улстай “найзлах” нь тодорхой болж байна. Европын улс орнуудад иргэд, аж ахуйн нэгжүүд нь гүйлгээ хийх боломжгүй болж, зээлжих зэрэглэл ч шууд буурна. ОУВС зэрэг олон гадны байгууллагууд нүүрээ буруулж, ЕХ-ны санхүүжилтийг шинээр авах эрхгүй болох билээ. Харин дотооддоо бид Оюутолгойгоо муулж, Тавантолгойгоо ярьж талцсаар суух биз. Монголын маргааш яана аа. Энд санаа тавих хүн байна уу. Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа, УИХ-ын дарга аа, улс орноо авраач.