ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ДОКТОР Д.НАРАНТУЯА: КОРОНАВИРУС ЗҮРХНИЙ ШИГДЭЭСТ ХҮРГЭЖ БАЙНА

Т.САНДАГ-ОЧИР
2020-05-26

Дэлхийг даяаршлаас дангааршил руу хүчтэй шахаж буй коронавирусийн /Covid -19/ дэгдэлт, цар тахлын төгсгөлийг өнөөдөр ч харж чадаагүй байна. Гагцхүү уг вирусийн аюулаас улс үндэстэнг, гэр бүлийг, таныг хөл хорио, сахилга бат, зөв мэдээлэл хамгаалах болно гэдгийг ДЭМБ зарласаар, анхааруулсаар байна. Анагаах ухааны доктор, НЭМҮТ-ийн ерөнхий захирал Д.Нарантуяа "Ковид -19 ба Зүрх судасны өвчин" сэдвээр өгсөн анхаарал татахуйц мэдээлэлдээ уг вирус зөвхөн амьсгалын замын эрхтэн тогтолцоог гэмтээдэггүй ба Зүрх судасны эрүүл мэнд, тогтолцоог хүчтэй гэмтээж нас баралтад хүргэж буйг онцолжээ. Европын зүрхний нийгэмлэгээс Ковид-19-ын цар тахлын голомтонд ажиллаж буй эмнэлгийн тусламж үзүүлэгч нарын туршлага, ажиглалтанд тулгуурласан зөвлөмжийг гаргаж, түүнийгээ ДЭМБ-аас зарласан “цар тахлын” хугацаанд хүчинтэй гэж үзжээ.

ОХУ-д Ковид-19-тэй өвчтнүүдийн нас баралтын шалтгааны 60 орчим хувь нь зүрхний шигдээс байжээ. Тодруулбал, Ковид -19 нь зөвхөн вирусын шалтгаант уушигны үрэвслийг үүсгээд зогсохгүй зүрх судасны системд ихээхэн нөлөө үзүүлж байгааг анхаарах хэрэгтэй гэв. Ингээд Анагаах ухааны доктор, НЭМҮТ-ийн ерөнхий захирал Д.Нарантуяагийн энгийн иргэдэд болон эмч мэргэжилтнүүдэд хандан бэлтгэсэн мэдээллийг товчлон хүргэе

Тэрбээр, "Амьсгалын дээд замын эмгэгийн шинж тэмдэг илрэхээс 1-2 хоногийн өмнө вирусыг илрүүлж болно. Өвчний хөнгөн тохиолдолд вирус эрт илэрч байв. Транскриптаза полимеразын гинжин урвал (RT-PCR)-аар хөнгөн өвчтөний 90%-д нь өвчний шинж тэмдэг илэрснээс 10 дахь хоногт сөрөг гарч, харин хүнд хэлбэртэй бүх хүмүүст “эерэг” хэвээр байжээ. Ковид-19 халдвараас эдгэрсэн хүмүүст вирус илрэх хоног дунджаар 20 өдөр (17-24 хоног) байв. Хамгийн урт хугацаа 37 хоног байжээ. Коронавирус (SARS-CoV‑2) нь агаар дуслын замаар, амьсгалын шүүрлээр, шууд хавьтлаар тархана. Эзэн эсийн цитоплазмад вирусын нуклейн хүчил хуваагдан олширч, шинэ нуклейн хүчлийн дараалал бүхий вирион агуулсан цэврүүнүүд эсийн мембраныг хайлуулан гадагшилж бие махбодийн эд эсээр тархана.

Коронавирус нь ангиотензин хувиргагч фермент 2 (АХФ2) гэсэн нэгэн төрлийн уургаар хаалгаа хийж уушгийг хүндээр гэмтээж амьсгалын дутагдалд оруулж байна. ACE2 нь ЗСӨ-ний эмгэг жамд чухал үүрэгтэй ренин-ангиотензин-альдостероны тогтолцоонд гол үүрэг гүйцэтгэгч ба уушиг, зүрх, судас, ходоод гэдэснээс ялгардаг. Эрэгтэй, ахимаг нас, чихрийн шижин, цусны даралт ихсэлттэй, тарган, мөн зүрх судасны архаг суурь эмгэгтэй, тархины судасны өвчтэй, уушгины архаг бөглөрөлт өвчтэй, хавдартай хүмүүсийн дунд Ковид-19-өөр өвдөх, хүндрэх, нас барах эрсдэл өндөр байна.

Ялангуяа "Ковид-19" халдвараар хүндэрч буй өвчтөнүүдийн дунд цусны даралт ихэссэн тохиолдол элбэг байжээ. Хэдийгээр цусны даралт ихсэлт ба Ковид-19-ын хоорондын харилцан хамаарлыг бүрэн судлаагүй ч уг системд үйлчлэн цусны даралтыг бууруулдаг Периндоприл, Рамиприл, Валсартан, Лозартан гэх мэт эмүүдээ үргэлжлүүлэн уухыг зөвлөж байна. Ковид-19-ийн үед зүрхний хэм алдах, артерийн бүлэнгээс титэм судасны цочмог хам шинж, венийн тромбоэмболи, зүрхний булчингийн үрэвсэл, зүрхний дутагдал зэргээр хүндэрч, мөн гэнэт нас барж байна. Судас хатуурлын товруу задарч бүлэн үүсэхээс сэргийлж аторавастатин уухыг зөвлөж байна. Ковид-19-ийг эмчлэх өвөрмөц эмэн эмчилгээний явцад “эмээс” шалтгаалсан хэм алдагдлаар хүндэрч байна.

QT интервал урттай өвчтөн Ковид-19-ын эсрэг эм уух бол заавал эмчдээ хэлээрэй. Учир нь зарим вирусын эсрэг эм хлорхин, хумхайн, ретровирусын эсрэг эмүүд уг интервалыг уртасгадаг тул хэм алдагдлын хүндрэл үүсгэх аюултай. Хэрэв Ковид-19-ийн улмаас эмнэлэгт эмчлүүлэх шаардлага тулгарсан бол ЗСӨ-ндөө ууж байгаа эмүүдээ жагсаан эмчдээ мэдэгдээрэй! Ууж буй эмүүдийн харилцан үйлчлэл, нөлөөг тооцох, гаж нөлөөг тогтоох шаардлагатай. Тодорхой зүйл бол эмийг зогсоох, эсвэл гэнэт өөрчлөх нь нөхцөл байдлыг улам дордуулж болзошгүй аюултай" гэв.