ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ховд аймагт  сүүлийн 20 жил улстөржилт хэрээс хэтэрчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-05-26

Хөдөө, орон нутаг тэр дундаа олон ястны өлгий болсон Ховд аймагт улстөржилт сүүлийн 20 жил хэрээс хэтэрч, намчирхал гэсэн ганцхан үгээр иргэдийн эрхийг хязгаарлаж, ажиллах, амьдрах нөхцөлийг нь хааж, боосоор удлаа. Тэр ч бүү хэл, улс төрийн томоохон бүлэглэл бий болж, ялсан нам Ховдод ноёрхлоо тогтоож байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, ялсан намын гишүүдэд илүү боломж олдохын зэрэгцээ бизнес болоод ахуй амьдрал, амьжиргаа нь эрс  сайжирдаг байна.

Харин дэмжиж байсан нам нь ялагдсан тохиолдолд ажилгүй, амьдралгүй, бизнесгүй болсон тохиолдол бодит амьдрал дээр маш их болжээ. Түүнчлэн улстөржилт, намчирхал зэргийг эсэргүүцэж, үзэл бодол байр сууриа илэрхийлсэн нэгнийг гадуурхах, зээлийн үйлчилгээнд хамруулахгүй байх, ажилгүй болгох зэргээр улс төрийн дарамт шахалт жирийн иргэдэд ирдэг талаар тэд ярьж байлаа.

Ховд нутагт тогтсон улс төрийн гажуудал, буруу жишгийг засна, арилгана, үгүй болгоно хэмээн улстөрчид амладаг хэдий ч эцэстээ концесс, тендер, ЖДҮХС зэргээс хүү багатай, ашиг ихтэй зээл хүртэж, жирийн иргэдийн боломжийг хулгайлсаар  УИХ-ын дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгавар болгож байна.

Харин УИХ-д Ховдчуудыг төлөөлсөн  эрхэм гишүүний амьдрал нүдний өмнө өөрчлөгдөж, өөдлөн дэвшиж, өнгө зүс орохын зэрэгцээ хөрөнгө мөнгө нь хэд дахин өсчээ. Гэтэл эсрэгээрээ орон нутгийн хөгжил бахь байдгаараа, ажилгүйдэл, ядуурал, намчирхал, талцал нь хэвээрээ үргэлжилсээр эдүгээ 30 жилийнхээ босгыг үзэж байна.

Аргаа барсан иргэд амьдрал, ахуй, бизнесээ алдахгүйн тулд намын гишүүнчлэлээ давхардуулахгүй байх зарчмыг гэртээ нэвтрүүлсэн талаараа дуулгаж байлаа. Ийм нэг инээдэмтэй ч гэх үү, эмгэнэлтэй ч гэх үү амьдрал Ховд нутагт тогтоод уджээ