ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ТАНИЛЦ: 2020 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛИЙН ЦАРАЙЛАГ, “КҮҮЛ” НЭР ДЭВШИГЧИД

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-05-28

Сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд хэвлэл мэдээлэл бүхэн улс төрийн өнцгөөр сэдэв бичиж, хэн хаана нэр дэвшсэн, хэдэн хүнээс ялах магадлалтай талаар прогноз бичиж байна. Тэгвэл бид энэ удаа арай хөнгөн сэдэв буюу нэр дэвшигчдийн тухай тун сонирхолтой прогноз бичихээр шийдлээ. “Zet” үеийн нэгэн дүү маань тойрогтоо нэр дэвшиж буй хүмүүсийн зургийг харж сууснаа арай хөөрхөн нь энэ юм байна, дугуйлна аа гэдэг байгаа. Тэгэхээр улс төр гэж юу болох, тойрогт нь өрсөлдөж буй хүмүүс ямар намтар түүхтэй гэдгийг ч мэдэхгүй, дөнгөж л сонгууль өгөх насандаа ирж буй хүүхэд, залууст хэн ухаантай үг бичиж, ямар том бодлогод оролцож, ямар сургууль төгссөн нь огт сонин биш байдаг бололтой.

Түүнчлэн, эрдэмтэд ч нэлээд олон хүний дунд судалгаа хийж үзэхэд царайлаг буюу царайны зөв төрхтэй хүмүүс илүү их санал авдаг нь нотлогдсон зүйл ажээ. Үүнийг Германы Мюнхений их сургуулийн эрдэмтэн, Шведийн Эдийн засгийн хүрээлэнгийн хэсэг эрдэмтэд хамтран тогтоож, судалгааны өгүүллээ 2015 онд хэвлүүлж байжээ. Угтаа хэт олон нэр дэвшигчдийн талаар мэдээлэл авч чадаагүй сонгогчид хамгийн царайлаг, нүдэнд дулаахан хүнээ дугуйлдаг гэсэн үг. Тэгвэл манайд ч энэ жилийн сонгуулиар ийм хандлага давамгайлах магадлалтай.

Учир нь томсгосон мажоритар тогтолцоогоор санал авах болсон учраас нэг тойрогт маш олон хүн өрсөлдөж байна. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт гэхэд л 10 гаруй нэр дэвшигч бий. Тэгэхээр сонголтоо хийж амжаагүй, эс бөгөөс залуу үеийнхэн шууд эхний гурвыг, эсвэл сурталчилгааны самбараас хөөрхөн, царайлаг гэж харсан нэр дэвшигчээ автоматаар дугуйлах боломжтой гэсэн үг. Соошл орчинд нь өнөө жилийн нэр дэвшигчдийн царайны тухай яриа байсхийгээд л гардаг. Тэр тусмаа бүсгүйчүүд “краш” гэх мэтээр царайлаг улстөрчдийг шэйрлэх, эерэг үнэлгээ өгөх нь их байгаа юм. Өчигдөр гэхэд л Хан-Уул дүүргээс нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нэр дэвшигч Г.Амартүвшин нарын хамт авахуулсан зураг олон хүнд хүрэв. Царайлаг хоёр нэр дэвшигч, “Титаник” кино гэх мэт олон тайлбар зүүлттэй уг зураг ихэвчлэн эерэг хандлага авчээ. Илүү олныг нуршихгүйгээр энэ жилийн сонгуульд нэр дэвшиж буй күүл тодорхойлолт авсан, охид, залуусын крашуудыг сонгох гээд үзье. Гэхдээ энэ удаа зөвхөн нийслэлийн есөн дүүрэгт нэр дэвшиж буй нэр дэвшигчдийг онцлов.

Хотын хамгийн күүл нэр дэвшигчид өрсөлдөж буй тойргоор Хан-Уулыг нэрлээд буй. Уг тойрогт нэр дэвшигчид ихэвчлэн царайны зөв төрхтэй хүмүүс. Тухайлбал, МАН-аас нэр дэвшиж буй Г.Амартүвшин хамгийн олон “краш”-тай. Түүнийг жентельмэн хэмээн олон нийт дүгнэдэг. Мөн түүнтэй хамт өрсөлдөж буй Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл царайны зөв төрхтэй. Телевизийн сэтгүүлч хүн учраас олны өмнө биеэ авч явах, хувцаслалтаа хэрхэн зохицуулах гэх мэтээр маш зөв имиж бүрдүүлдэг учраас түүнийг зөв төрхтэй хэмээн тодорхойлдог аж. Мөн соошл орчинд маш олон фэнтэй хүн бол АН-аас нэр дэвшигч Банзрагчийн Түвшин. Тэр жентельмэн төрхийг бүрдүүлсэн нэр дэвшигч. Эзэмшсэн мэргэжил, биеэ авч явах байдлаараа ч күүл, боловсрол өндөр. 

Мөн АН-ын нэр дэвшигч Т.Энхсайхан сайхан бүсгүй гэсэн тодорхойлолттой. Бие даан нэр дэвшигч нар дундаас Н.Номтойбаяр, Т.Бат-Оргил, Ж.Эрхэмбаатар нар “күүл” нэр дэвшигч гэсэн тодорхойлолт авчээ. Тэгвэл Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж буй нэр дэвшигчдээс “Блүүмбэрг” телевизийн захирал, эдийн засагч Э.Долгион царайлаг гэсэн тодорхойлолтод багтжээ. Биеэ авч явах соёл, эфирийн төрх, дуу хоолой гэх мэтээр түүнд имиж болгох олон давуу тал байдаг учраас бусдаасаа ялгарч буй. Мөн АН-ын нэр дэвшигч С.Эрдэнэболд ч биеэ авч явах соёлын тухайд олон фэнтэй өрсөлдөгч аж. МАН-аас Ц.Мөнхцэцэг гэх тун аятайхан төрхтэй, имиж бүрдүүлсэн бүсгүйг тус тойрогт илгээсэн бол “Зөв хүн электорат” хөдөлгөөнөөс М.Мөнхсоёл гэх сайхан бүсгүй нэр дэвшжээ. Чингэлтэй дүүрэгт АН-аас нэр дэвшиж буй гурван залуу гурвуулаа зөв имиж бүрдүүлдэг. Тэр дундаас Р.Булгамаа бол хөөрхөн, сайхан гэсэн тодорхойлолтод багтсан бол Г.Уянга биеэ авч явах соёлоороо илүү, харин Ц.Баатархүү жентельмэн нэгэн. Тэгвэл Баянгол дүүрэгт нэр дэвшигчдээс АН-ын гишүүн ч бие даан нэр дэвшиж буй П.Галиндэв царайлаг нэр дэвшигчээр нэрлэгджээ. Мөн Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа биеэ хамгийн гоё авч явдаг эмэгтэйчүүдийн нэг. Мөн МАН-аас нэр дэвшигч Х.Ганхуяг олон фэнтэй нэгэн ажээ. Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Х.Булгантуяа залуу эмэгтэйчүүд дотроо хамгийн олон фэнтэй. Мэдлэг боловсролоос гадна царайны зөв төрх, биеэ авч яваа байдал зэргээрээ илүү гардаг.

Мөн Ж.Чинбүрэн эмч ч мэдлэг боловсрол, бусадтай харилцах харьцаа, инээмсэглэл зэргээрээ өөртөө олон фэн бий болгосон бол хуульч Б.Энхбаяр ч фэн олонтой. 22 дугаар тойрогт МАХН-аас нэр дэвшигч Г.Золзаяа мөн л царайлгуудын жагсаалтад бичигдэнэ. 23 дугаар тойрогт  АН-аас нэр дэвшигч Ж.Баясгалан жүжигчин хүн учраас хэдэн зуун фэнтэй, мөн зөв төрхтэй учраас “краш” олонтой нэр дэвшигч. Багахангай, Багануур, Налайх дүүрэгт нэр дэвшигчдээс хамгийн “күүл” нь мэдээж Хотын дарга С.Амарсайхан. Мөн “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшигч П.Цолмон царайлаг бүсгүй аж. Хотын хамгийн их хүн амтай Сонгинхайрхан дүүргээс ихэвчлэн эмэгтэй нэр дэвшигчид нь царайлагт багтана. МАН-аас нэр дэвшигч Б.Жаргалмаа, П.Анужин, АН-аас нэр дэвшигч Б.Пунсалмаа, “Гэр хорооллын хөгжил” намаас нэр дэвшигч Я.Мөнгөнцэцэг нар зөв төрхтэй, царайлаг эмэгтэйчүүд. Харин эрчүүдийн тухайд МАХН-аас нэр дэвшигч Э.Батшугар, МАН-ын нэр дэвшигч Н.Учрал, Д.Сумъяабазар, бие даагч С.Мөнхчулуун нар хамгийн олон фэнтэй нэр дэвшигчид юм. Тухайбал, МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар сайд эртнээс л олон бүсгүйчүүдийн хувьд "краш" байсан, цаашдаа ч байх биз. Биеэ авч явах соёл, хүнтэй харилцах харилцаа, эрхэлсэн ажлаа хийж буй байдал гээд олон зүйлээрээ тэр ялгардаг. Өнөөгийн Засгийн газарт ч хамгийн "күүл" сайд хэмээн нэрлэгддэг билээ.