ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.Мөнхтүшиг: Баярлаад ирэх иргэд олон ч гомдоод үлдэх нь бүр ч олон бий

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-05-29

Улсын онцгой комиссын “Шуурхай штаб”-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Гадаад харилцааны яамны Консулын хэлтсийн дарга Л.Мөнхтүшиг гадаад улс орнуудаас иргэдээ авах хуваарийн талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр, “Зургадугаар сард нийтдээ найман удаагийн нислэг үйлдэж, 2000 гаруй иргэнээ эх оронд нь авчирна. Одоогийн байдлаар 45 улсаас 10582 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан байгаа.

Казахстан улс руу зургадугаар сарын 10-нд эхний нислэг хөөрч, 150-170 иргэнээ авчирна. Мөн зургадугаар сарын 11-нд Токиогоос 250-270 иргэн, 11-нд Энэтхэгээс 150-170 иргэн, 17-нд Сөүл /транзит/ 250-270 иргэн, 18-нд Солонгос улсаас 250-270 иргэн, 19-нд Франкфурт руу тус тус нислэг үйлдэж мөн тооны иргэдээ авчирна. Нийтдээ 2000 гаруй иргэнээ авчирна. Мөн зургадугаар сарын сүүлээр хоёр нислэгийг хаашаа илгээх нь тодорхойгүй байгаа. Тухайн үедээ шийдээ гаргаад явна. Бид маш хэцүү сонголт хийж байгаа. Тухайлбал, Казахстан улсад 1700 гаруй иргэн байлаа гэхэд тэндээс 170 иргэнийг л эхний ээлжинд авчирна. Нялх хүүхэдтэй, ахмад настан ,өвчтэй гэх мэтээр шалгуур тавина. Баярлаад эх орондоо ирэх иргэн олон байхад гомдоод үлдэх хүн олон гэдгийг би эртнээс хэлээд л байгаа. Цааш цаашдаа татан авах ажлаа үргэлжлүүлсээр л байх болно” гэлээ. Харин ОБЕГ-ын Дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “23 цэгт 2051 хүнийг татан авч ирлээ. Үүнд 135 техник оролцуулсан. Төмөр замын байгууллагыг дайчиллаа” хэмээв.

Хуралдааны үеэр Цагдаагийн ерөнхий газрын албан тушаалтнууд мөн мэдээлэл хийж, гэрийн хорионд байгаа иргэд тусгаарлалт зөрчиж гадуур гарах, баар ресторанаар үйлчлүүлэх, хүнтэй уулзах зэргээр зөрчил гаргаж байна гэсэн юм. Цагдаагийн албан хаагчдын хүн хүч хүрэлцээгүй байгаа тиймээс гэрийн хориогоо сайтар мөрдөх, тэмдэглүүлсэн гэрийн хаяг дээрээ тогтмол байх зэрэг албан хаагчдын ажилд хүндрэл учруулахгүй байхыг хүслээ.

Засгийн газраас сонгуулийн үеэр ажиллах тусгай журам боловсруулсан бөгөөд үүнийг Сонгуулийн штабуудын менежерүүдэд нэгбүрчлэн хүргүүлэх ажлыг ЦЕГ хариуцан ажиллах аж. Хэвлэл мэдээлэл ч энэ журмыг дагаж мөрдөхийг санууллаа. Үүнээс гадна амны хаалтаа зүүгээгүй иргэдэд шаардлага тавьж, хатуу сануулга өгч байхыг иргэдэд уриалав.