ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Одончимэг: Вита нэрийн цэвэр усны нянгийн бохирдол хүлцэх хэмжээнээс 10-20 дахин өндөр гарсан

O.Admin
2018-06-29

Савласан цэвэр ус, рашаан, ундаа, жүүсний үйлдвэрүүдэд хийсэн хяналт, шалгалтын үеэр илэрсэн ноцтой зөрчлүүдийн талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Н.Одончимэгээс тодрууллаа. 

-Танай байгууллага хэчнээн ус, ундааны үйлдвэрт шалгалт хийсэн бэ? 

-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 38 савласан ус, ундаа жүүсний үйлдвэрт хяналт шалгалт явууллаа. Уг шалгалтаар нийтдээ аж ахуйн нэгжүүдээс дөрвөн хяналтын чиглэлээр 311 зөрчил илрүүлсэн. Одоогийн байдлаар илэрсэн зөрчлийн 136 буюу 47.3 хувийг арилгуулаад байна. 

-Нийтлэг илэрч байгаа зөрчлүүд нь юу байна  вэ?

-Нийт үйлдвэрүүдийн лабораторын хүчин чадал болон мэргэжлийн боловсон хүчин дутмаг, шаардлагатай тоног төхөөрөмж хүрэлцээгүй, барилга байгууламжтай холбоотой зөрчил, мөн гүний худаг ашиглаж байгаа үйлдвэрүүд гүний худгийн эрүүл  ахуйн бүсийн дэглэм зөрчсөн зөрчлүүд нийтлэг илэрч байна. Лабораторын шинжилгээний хяналтаар Баянгол дүүрэг дэх “Батдайз” ХХК-ийн “Талст”, “Оюуны холбоо” ХХК-ийн “Хануй”, Хан-Уул дүүрэг дэх “Витафит инвест” ХХК-ийн “Вита” нэрийн цэвэр усан дах нянгийн ерөнхий тоо хүлцэх хэмжээнээс 10-20 дахин их гарсан. 

-Ус, ундаа, жүүс үйлдвэрлэж буй компаниуд хаанаас усаа авдаг вэ? 

-Төвлөрсөн усан хангамж, гүний худаг, хэсгийн усан хангамжтай байж болно. Гэхдээ хамгийн гол нь хэсгийн усан хангамжтай тохиолдолд үндсэн технологийн зориулалтаар хэрэглэж байгаа усны гүний худаг нь нэгдүгээрт эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байх. Хоёрдугаарт, Нийслэлийн Байгаль орчны газраас албан ёсны зөвшөөрөл авч, харьяалах дүүргийнхээ засаг даргатай гэрээ байгуулсан байх ёстой байдаг. Гэрээнд хамгаалалтын бүсийн асуудал, дэглэм зөрчихгүй байх болон усныхаа эх үүсвэрийг бохирдлоос хамгаалах, нөхөн сэргээх ажлуудыг тусгасан байх ёстой.

-Бүтээгдэхүүний хаяг шошгон дээрх эрдсийн хэмжээ шалгалтаар зөрсөн асуудал гарсан гэсэн. Ундаа, усны үйлдвэрүүд иргэдийг зориудаар төөрөгдүүлсэн гэсэн үг үү?

-Үйлдвэрүүд усыг савлахдаа тодорхой хэмжээгээр цэвэршүүлдэг. Цэвэршүүлэх явцад усан дахь нянгийн бохирдол хүлцэх хэмжээнд хүртэл буурах ёстой л доо. Усыг цэвэршүүлснээс үүдээд зарим эрдсийн үзүүлэлт буурдаг. Тухайн үйлдвэрлэл эрхлэгч усныхаа химийн бүтцийг судалгаа шинжилгээгээр нарийвчлан тогтоож, яг тэр үзүүлэлтээ хаяг шошгон дээрээ тавих ёстой. Тухайн хэмжээнээсээ илүү хэмжээгээр тавих юм бол хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн болж байгаа юм. Тухайлбал, фторын агууламж 0.8-1 мг/кг тавьчихдаг. Лабораторын шинжилгээгээр энэ нь 0.05 мг/кг байх жишээтэй. Гэтэл бид хоногт авах шимт бодисынхоо хэмжээг тооцоолж байх ёстой. Манайхаас хийсэн хөндлөнгийн шалгалтын сорилтын дүнгээр эрдэс бодисын хэмжээ зөрсөн тохиолдол гарсан. Энэ асуудалд аж ахуйн нэгжүүдэд тайлбар хэлж, стандартчилал хэмжил зүйн газраас тандалт хийж байгаа.