ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Баттулга: Амь үрэгдсэн бяцхан үрсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлье

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-06-29

УИХ-ын ээлжит чуулган өчигдөр боллоо. Хуралдаанаар нийт 15 хуулийн төслийг хэлэлцэх юм. Тухайлбал, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болсон юм. Мөн Монгол Улсын нэгдсэн төс­вийн 2017 оны гүйцэтгэл, Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөл, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоол зэргийг хэлэлцэхээр төлөвлөсөн юм. Хуралдаанд хамгийн их анхаарал тат­сан хуулийн төсөл нь УИХ-ын чуул­га­ны дэгийн тухай хууль байлаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын ги­шүүд байр сууриа илэрхийлэв.

Ту­хайл­бал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хууль батлагдлаа. Бат­лагд­сан өдрөөс хойш хүний кнопыг дарахгүй гэж ойлгож болох уу. Бусдын өмнөөс кноп дарахгүй гэхээр УИХ-ын чадамж, ирцийн асуудалд хэрхэн хяналт тавих вэ. Ирц хангалтгүй байвал хэн хариуцлага хүлээх вэ” хэмээн асуув. Түүний хариултад УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Хууль батлагдаад,  Төрийн эмхэтгэлд хэвлэгдээд хэрэгжинэ. Намрын чуулган шинэ дэгээр явна. Ирцэд хурууны хээгээ тухайн УИХ-ын гишүүн өөрөө таниулна. УИХ-ын чуулганд тулгамдсан асуудлыг Дэгийн тухай хуульд багтааж байгаа” гэсэн юм. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Сайн,  муу талууд байна. Ахиц дэвшил гэвэл ирцийн асуудал байна. Хурал яг л цагтаа эхэлж байна. Уг нь өөрсдийн ёс суртахуун, ухамсарын асуудал юм. Бусад тойргийн сонгогчдын эрхэнд халдаад байдгаа болих хэрэгтэй.  Харин хурлаа тасалсан, хоцорсон иргэнийг эргүүлэн татна гэх зэргээр попорч байна. Үүнийгээ хассан уу.

Би Үндсэн хууль руугаа буруугаа чихдэг явцуу ойлголтыг хүлээн зөвшөөрөхгүй. Ийм заваан юм хийж болохгүй. 1990 оны ардчиллаас үлдсэн цөөн хэдэн зүйл бий. Үүнийгээ Дэгийн хууль, Үндсэн хуулийн өөрчлөлт гэх зэргээр заваан зүйл хийхээ болих хэрэгтэй. Битгий Үндсэн хуулиа мэрээд байгаач ээ гэж хэлмээр байна” гэж шүүмжилсэн юм. Тус хуулийн хамгийн чухал асуудал УИХ-ын чуулганы хуралдаанд гуравны нэгээс дээш хугацаанд суугаагүй тасалсан тохиолдолд эргүүлэн татах асуудал тусгагдсан байсныг олонхийн саналаар дэмжилгүй хассан юм. Энэ заалт тусгагдахгүй бол дэгийн хуулиар УИХ-ын гишүүдийг дэмлэмд оруулах асуудал бараг худлаа болж байна. Дараагийн нэг чухал хуулийн төсөл УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилсан Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл байлаа. Хуралдааны  үеэр зарим гишүүдийн зүгээс дэмжихгүй, зээлийн хүүг хязгаарлаж, тогтоодоггүй юм гэх шүүмжилж байсан юм. Харин олонхи гишүүдийн ахмад нь тэтгэврийн зээлд, дунд насныхан цалингийн зээлд, залуус нь ипотекийн зээлийн хүүнд дарлуулж байна. Тиймээс хуулийн төслийг дэмжинэ. Манайд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкууд мөнгө хүүлэлтийн байдлаар үйл ажиллагаа явуулдаг. Монголчууд банкны зээлийн хүүгийн барьцаанд дарлуулж амьдарч байгааг шүүмжлээд, олонхийн саналаар дэмжиж, дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэн дэмжихийг гишүүдийн олонх дэмжлээ.  Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “АСЕМ-ын асуудлаар тодруулъя. Хэд, хэдэн зочид буудлуудад хөнгөлөлттэй зээл олгосон.  АСЕМ Виллагийн газрыг тусгай хамгаалалттай газраас тасдаж хэнд өгсөн бэ  гэдгийг тодруулмаар байна. гэв. Түүний асуултад Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар “АСЕМ-тай холбоотой 397 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Үүний 294 тэрбум төгрөгийн зөрчлийг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шил­жүүл­сэн. Эл асуудалд  17 албан тушаалтанд хуулийн хариуцлага тооцуулахаар холбогдох байгууллагад нь шилжүүлсэн” хэмээн тайлбарлав. Үдээс хойшхи чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв. Тэрбээр “Хүүхэд багачуудын эрүүл, амьд явах эрх ноцтой зөрчигдсөн хэргүүд дараалан гарч, нийгмийг бухимдуулж, цочроож байгаа энэ үест та бүхэнд хандаж үг хэлэхээс аргагүйд хүрлээ. Юуны өмнө хариуцлагагүй албан тушаалтан, аж ахуй эрхлэх цалгар назгай хандлага, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах асуудалд хойрго ханддаг түгээмэл үзэгдлийн золиос болж цаг бусаар амь үрэгдсэн бяцхан үрсийн гэр бүл, ойр дотныхонд эмгэнэл илэрхийлье.

Сүүлийн үед дараалан гарсан эмгэнэлт хэргүүд бол хүүхэд хамгааллын бодлого орхигдсон, хүүхдийн хүчирхийллийн эсрэг Төр дорвитой үйл ажиллагаа явуулахгүй байгаа, асуудлууд далдуур хуримтлагдан ужгирч, бугшсаны ил гарч буй үзэгдлүүд юм. Би Ерөнхийлөгчийн албыг хүлээн авснаас хойш сүүлийн нэг жилийн турш өдөр бүр шахуу гэмт хэрэг, хариуцлагагүй байдлын улмаас хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсон талаарх мэдээлэл өглөө болгон хүлээн авч байна. Хүүхэд хамгааллын хууль болон Хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхэд хамгааллын стандартыг мөрдүүлэх, ээлтэй орчин бүрдүүлэх  хэм хэмжээг бий болгох талаар заасан хирнээ өнөөдрийг хүртэл стандарт, хэм хэмжээгээ боловсруулаагүй, мөрдлөг болгоогүй байгааг анхааралдаа авч нэн яаралтай горимоор стандартыг боловсруулж батлах, хэрэгжүүлэх журмыг гаргах, мөрдүүлэх шаард­ла­га­тай байна” гэдгийг хэлсэн юм. Дараа нь  Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцсэн ч гишүүдийн олонх тус хуулийн төслийг дэмжээгүй юм. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүд чухал ач холбогдолтой, дэмжээд явах нь зүйтэй гэсэн ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  Засгийн газар тус хуулийн төслийг дэмжихгүй хэмээн гүрийж байр сууриа илэрхийлэв. Харин үлдсэн хуулийн төслүүдэд УИХ дахь МАН-ын бүлгээс түр хойшлуулах горимын санал гарч, олонхийн саналаар дэмжигдснээр пүрэв гарагийн чуулганы хуралдаан өндөрлөв.