ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өнөөдөр дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөр

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-06-07

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2018 оны хурлын 73/250 тогтоолоор жил бүрийн зургадугаар сарын 7-ны өдрийг “Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөр” болгон зарлаж, энэ өдрийг гишүүн улс орнууддаа тэмдэглэн өнгөрүүлэхийг 2019 онд уриалжээ. Энэ жил "Хүнсний аюулгүй байдлыг хангахад хүн бүрийн оролцоо" уриан дор энэхүү өдрийг тэмдэглэж байна. 

Компанит ажлын гол зорилго нь дэлхийн нийтээрээ хүнсний аюулгүй байдлын талаарх ойлголт мэдлэгээ сайжруулах, хоол, хүнсийг аюулгүй, мөн хүртээмжтэй, шим тэжээллэг байлгахад шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч нар, хоол, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, хэрэглэгч зэрэг хүн бүрийн оролцоо дэмжлэг чухал болохыг сурталчлан таниулахад оршиж байгаа юм. Компанит ажлын хүрээнд ЭМЯ, ХХААХҮЯ, НЭМҮТ, НҮБ-ын ХХААБ, ДЭМБ-аас дараах үйл ажиллагааг явуулж байна. Үүнд:

2020 оны 05-р сарын 10-ны өдөр: НЭМҮТ, НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгчийн газар хамтран гаргасан “Хүнс бохирдохоос сэргийлье”, “Хүнсний ногоо, жимсний аюулгүй байдлыг хангах”, “Хүнсний аюулгүй байдлыг хангах 5 зарчим”, “Мах, махан бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах” зэрэг 4 постер тус бүр 250, нийт 1000 ширхэг хэвлүүлэн хүнсний, худалдаа үйлчилгээний байгууллагад түгээж эхэлсэн. Мөн НҮБ-ын ДЭМБ, ХХААБ-ын “Ковид-19 ба Хүнсний аюулгүй байдал: Хүнсний бизнес эрхлэгчдэд зориулсан удирдамж”, “Ковид-19 ба Хүнсний аюулгүй байдал: Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах үндэсний хяналтын тогтолцооны эрх бүхий байгууллагад зориулсан удирдамж”, “Хүнсэн дэх вирусыг хянах эрүүл ахуйн ерөнхий зарчмыг хэрэгжүүлэх заавар” зэрэг баримт бичгийг монгол хэлрүү орчуулах ажил хийгдэж эхэлсэн.

2020 оны 06-р сарын 03-ны өдөр: ХХААХҮЯ-ны ХҮХБЗГ-ын дарга Т.Гантогтох, ЭМЯ-ны НЭМГ-ын мэргэжилтэн Б.Бямбатогтох, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Т.Балжинням, НҮБ-ын ХХААБ-ын шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал нар “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад, хүн бүрийн оролцоо” хэвлэлийн бага хурлыг ХХААХҮЯ-дээр зохион байгуулав. Хэвлэлийн хуралд ХХААХҮЯ, ЭМЯ, МХЕГ, НҮБ-ын ХХААБ-ын хамтран зохион байгуулсан хэвлэлийн бага хурал болсон.

2020 оны 06 сарын 03-ны өдөр: НҮБ-ын ХХААБ, ДЭМБ, Олон Улсын Мал, Амьтны Эрүүл Мэндийн Байгууллага хамтран зохион байгуулсан Номхон Далайн Баруун Бүс (НДББ)-ийн орнуудад зориулсан “Дэлхийн Хүнсний аюулгүй байдлын өдөр” онлайн хэлэлцүүлэгт ЭМЯ-ны НЭМГ-ын Хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн, АУ-ны доктор Б.Бямбатогтох, НЭМҮТ-ийн ЭША Б.Энхтунгалаг, Д.Ганболор, Б.Оюундарь, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал нар оролцсон. Онлайн хэлэлцүүлэгт НДББ-ийн орнуудын 300 гаруй мэргэжилтэн оролцсон.

2020 оны 06 сарын 04-ний өдөр: НЭМҮТ, НҮБ-ын ХХААБ хамтран гаргасан 4 төрлийн постерыг ХСА-ны ЭША нар Баянзүрх зах, Е-март худалдааны төв, Бродвэй ресторан, Нүүдэлчин, Шөлөндөө зэрэг худалдаа, үйлчилгээний байгууллагуудад байршуулан хүн амд мэдээлэл, сурталчилгаа хийж эхэлсэн.

2020 оны 06 сарын 05, 06-ны өдөр: “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд хүн бүрийн оролцоо” дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөрт зориулж гаргасан 2 төрлийн инфографик зөвлөмж мэдээллийг ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, НЭМҮТ-ийн пэйж хуудсаар хүн амд чиглэсэн мэдээлэл сурталчилгаа хийж эхэлсэн.

2020 оны 06 сарын 07-ны өдөр: Хүнсний худалдаа эрхлэгчдэд зориулсан инфографик зөвлөмжийг НЭМҮТ болон ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын пэйж хуудсаар хүн амд мэдээлэл сурталчилгаа хийнэ.

12.00 цагт: Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн Газрын гишүүн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч ноён Винод Ахужа, ДЭМБ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгч Др Сергей Диордица нарын хийсэн “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд хүн бүрийн оролцоо” мэдэгдэлийг хэвлэл мэдээлийн хэрэгслэлээр сурталчилна.

13.00 цагт: “Хүнс худалдан авахад анхаарах зүйлс”-ийн талаар НЭМҮТ-ийн ХСА-ны ЭША Б.Энхтунгалаг иргэдэд LIVE зөвлөмж мэдээлэл хийнэ.

16.00 цагт: Дэлгүүр худалдааны төвөөр үйлчлүүлхэд анхаарах зүйл инфографик зөвлөмжийг НЭМҮТ болон ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын пэйж хуудсаар хүн амд мэдээлэл сурталчилгаа хийнэ.

2020 оны 06 сарын 08-ны өдөр: “Хүүхэд, багачуудыг хоол хүнсээ зөв, зохистой бэлтгэж сургаарай” инфографик зөвлөмжийг НЭМҮТ болон ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын пэйж хуудсаар хүн амд мэдээлэл сурталчилгаа хийнэ.