ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Мөнхсайхан:12 хүртэлх давхар барилгад гал унтраах ажиллагаа явуулж болно

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-08

Өчигдөр буюу зургадугаар сарын 7-ны өдөр 17:00 цагийн үед Улсын Их дэлгүүрт  гал гарсан билээ.  Уг галыг унтраахад онцгой байдлын албаны нийт 96 алба хаагч ажилласан байна. Энэ талаар НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайханаас тодрууллаа. 

УИД-ийн барилгын хийц нь галд хэр тэсвэртэй вэ. Галын дүгнэлт хэзээ гарах вэ?

-Галын дүгнэлт 14 орчим хоногийн дараа гарна. Улсын их дэлгүүрийн үндсэн барилга нь галд тэсвэржилттэй, таван давхар тоосгон барилга. Гал гарсан хэсэг нь өргөтгөлийн зургаадугаар давхарт гарсан. Уг давхар нь шатах материал хийцтэй тул гал хурдан тархсан. 

-Гал сөнөөгчдийн хамгаалах хувцас хэрэгсэл, гал унтраахад ашиглах шат, техник хэрэгсэл хэр хүрэлцээтэй байдаг вэ?

-Аврагч, гал сөнөөгч хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, хүчилтөрөгчийн баг байх ёстой. Онцгой байдлын алба үүгээр 100 хувь хангагдаагүй. Тиймээс хорт утаатай нөхцөлд нь л багтай хүмүүс ажилласан. Хорт хий, утаанаас хамгаалах баг буюу амьсгалын бие даасан төхөөрөмжийн хангалт 70 орчим хувьтай байгаа. Харин өндөр барилгад гарсан галыг унтраах зориулалт бүхий авто механик шат нийслэлийн хэмжээнд гурав бий. Чингэлтэй дүүргийн 10 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар анги, Баянзүрх дүүргийн 63 дугаар ангид ийм шат байгаа.  Нэг нь гучин метр сунахаас гадна барилгын нэг давхрыг гурван метр гэж тооцвол есөн давхарт хүрэх боломжтой.  Тэгэхээр есөн давхар хүртэл барилгад энэхүү авто механик шатыг ашиглан аврах ажиллагаа явуулах боломжтой. Гэхдээ 12 давхар барилгад гал унтраах ажиллагаа явуулж болно. 

-Онцгой байдлын алба нисдэг тэрэгтэй болох тухай асуудал удаан яригдлаа. Энэ асуудал ямар шатанд явж байгаа вэ?

-Онцгой байдлын байгууллага сүүлийн 4-5 жил нисдэг тэрэгтэй болох уриалга дэвшүүлж, санаачилгаа байнга уламжилсаар ирсэн.  Энэ асуудал яригдаж байгаа. Энэ жилдээ багтахгүй бол ирэх жилд Францаас хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр нисдэг тэрэг авахаар яригдаж байна. Одоогоор улсын хэмжээнд гал унтраах зориулалтын нисдэг тэрэг байхгүй. 

-Гал унтраах машинууд хэр хэмжээний ус нөөцлөх боломжтой бол?

-Гал унтраах машинууд харьцангуй их хэмжээний усыг нөөцөлдөг болсон. Хамгийн багадаа 4 тонн. Ихдээ 8 тонн ус нөөцөлдөг. Тиймээс бага хэмжээний гал дээр ус дутагддаггүй. Томоохон объектод удаан үргэлжилж байгаа галыг унтраахад ус болон гал унтраах материалын нөөц дутдаг. Өчигдөр гарсан галын тухайд УИД-ын ойролцоо усан хангамж буюу гидрант байдаггүй. Нийслэлийн хэмжээнд төвийн шугамд байрласан 178 галын гидрант бий. Үүнээс 104 нь ашиглах боломжтой.  Сүүлийн үед баригдаж байгаа барилгуудад заавал галын гидрант байх шаардлагыг тавьж, суурилуулсныг нь шалгаж хүлээн авч байгаа. УИД-ийн барилга нь хуучных тул галын гидрант байдаггүй. -