ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хаяанд ирсэн аюул

O.Admin
2020-06-10

Монгол улс төвийг сахих нь Хятадын ашиг сонирхолд дээд зэргээр нийцэх төдийгүй, Зүүн Азийн ирээдүйн аюулгүй байдалд ч хэрэгтэй юм. Бээжин Монголыг өөрийн “Гурван Умард”-ын аюулгүй байдалд дахин заналхийлэх “цэргийн бааз” болгох явдлыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Монголд гадаадын нөлөөлөл орших нь Хятадын язгуур ашиг сонирхолтой шууд холбоотой зүйл юм. Тайваны хямралын үеэр хэрэв Монголын зүгээс ямар нэгэн зөрчил, маргаан зэрэгцэж гарсан бол Бээжингийн стратегий боломжийг ямар ч эргэлзээгүй хязгаарлах байв. Мөн түүнчлэн Хятадын ашиг сонирхол Номхон далайн баруун эрэгт Америкийн аюулгүй байдлын ашиг сонирхолтой зэрэгцэн оршиж байгаа юм. Хэрэв Америкийн цэргийн оролцоо монголд нэмэгдвэл АНУ Хятадыг үндсэндээ бүсэлж буй гэсэн үг.

Хэдийгээр Бээжин Монголыг Орос, Америктай болон бусад оронтуудтай цэргийн салбарт хамтран ажиллаж байгааг ил эсэргүүцэхгүй байгаа ч одоогийн Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын орчинг өөрчилж болшгүй, тэр ч байтугай Хятадын эсрэг чиглэх аливаа үйл ажиллагааг явуулж болохгүй гэсэн харьцангуй цэвэр “улаан шугам” оршсоор байгааг санах хэрэгтэй.

Харин Бээжингийн эдгээр санаа бодлыг Монгол нилээд мэдэрдэг нь мэдэгддэг. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Монголд айлчилсны дараа тэр даруй БНХАУ-д Монгол улсын Ерөнхийлөгч айлчлал хийсэн юм. Тэрхүү айлчлалын үеэр хоёр тал аль нэгнийхээ эсрэг чиглэсэн цэргийн болон улс төрийн эвсэлд нэгдэхгүй гэсэн хамтарсан албан мэдэгдэл гаргасан юм.

2004 оноос хойш Монгол, Хятад хоёр улс аюулгүй байдал, батлах хамгаалах чиглэлээр гурван ч зөвлөлдөх уулзалт хийсэн байна. Ингэж санал бодлоо харилцан солилцсноор талууд бие биеээ харилцан ойлгож, итгэлцлийг нэмэгдүүлэхээс гадна Монгол дахь Хятадын нөлөөг бэхжүүлж буй хэрэг юм. Монгол улс төвийг сахих нь Хятадын аюулгүй байдлын ашиг сонирхолд бүрэн нийцэж байгаа юм. Нэгдүгээрт, Хэрвээ Монгол улс АНУ, БНХАУ, ОХУ-ын аль нэгийг сонгох  хэрэг гарвал нөгөө хоёр улсын аюулгүй байдлын дарамт, шахалтыг амсах нь гарцаагүй. Төвийг сахисан Монгол улс Хятадын зах хязгаар нутгийн аюулгүй байдлын орчинд ямар ч эргэлзээгүй ач холбогдолтой бөгөөд нэн ялангуяа “Гурван умард”-ын бүс нутаг[1] болон нийслэлд онц чухал.  Хоёрдугаарт, хоёр улсын найрсаг, тогтвортой харилцаа Хятадын эрчим хүчний ханган нийлүүлэлтийн аюулгүй байдалд чухал ба дотоодын үндэстэн ястны салан тусгаарлах үзлийг зохицуулах ач холбогдолтой. 

Эх сурвалж: АНУ-ын Дэлхийн аюулгүй байдлын хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “China security“ сэтгүүлийн 2009 оны №2-т хэвлэгдсэн Зүүн Хятадын боловсролын Их сургуулийн  Олон улс, бүс нутаг судлалын сургуулийн докторант Ван Пэйраны “Монголыг тэнцвэржүүлэх аядуу үйлдэл” нийтлэлийн “Хаяанд ирсэн аюул” хэсэг …

 

[1]                      “Гурван Умард”-ын бүс нутаг гэж Хятадын Хойд, Зүүн умард, Баруун умард нутгийг нэрлэж байна. (Шинжаан-Уйгарын болон Өвөр Монголын өөртөө засах орны нутаг дэвсгэр хамаарна)

 

 

Зүүн Хятадын боловсролын Их сургуулийн  Олон улс, бүс нутаг судлалын сургуулийн докторант Ван Пэйран