ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

М.Болдсайхан: Их дээд сургуулийн босго оноонд өөрчлөлт ороогүй

Т.БУЯНДЭЛГЭР (сэтгүүлч)
2020-06-19

Боловсролын үнэлгээний төвийн ЭЕШ хариуцсан ахлах мэргэжилтэн М. Болдсайханаас тодрууллаа

-  Энэ жил корона вирусийн халдвартай холбоотойгоор шалгалтын журамд ямар өөрчлөлт орсон бэ?

-  Энэ жилийн хувьд корона вирусийн тархалттай холбогдуулан ЭЕШ-ын зохион байгуулалт, хүний нөөц, даалгавар боловсруулалт гээд олон зүйлд өөрчлөлт орсон. Нэгдүгээрт, зохион байгуулалтын хувьд өргөн хүрээтэй болж байна. Тухайлбал, шалгах байрны гадаа бөөгнөрөл үүсгэхгүйн  тулд хэдэн цагт ирэх, аль нэвтрэх хаалгаар орох зэргийг  шалгуулагчдын суудлын хуваарт нэг бүрчлэн тодорхой заасан. Анги доторх ширээ хоорондын зайг  1,5-2 метрийн зайтай байрлуулснаар нэг ангид ихдээ 12 шалгуулагч суух юм. Ангид суух шалгуулагчдын багтаамж цөөрсөнтэй холбоотой  шалгах байр нэмэгдэж байна. Өмнө нь 50 шалгах байранд явуулдаг байсан бол энэ жил 85 байранд шалгалт зохион байгуулахаар ажиллаж байна. Үүний 43 нь Улаанбаатар хотод, 42 нь орон нутагт бий. Нэг аймагт 2-3 шалгах байр, Улаанбаатар хотод  дүүрэг бүрт шалгуулагчдын тооноос хамаараад харилцан адилгүй байна. Шалгах байр нэмэгдэхийн хэрээр энд  ажиллах хүн хүчний тоо нэмэгдэж байна. Мөн нэвтрэх хаалга бүрийн дэргэд эмнэлгийн баг хамт олон ажиллана. Халдваргүйжүүлэлтийн тухайд сургууль доторх анги танхим, ширээ сандал, нийтийн ариун цэврийн өрөөний угаалтуур, суултуурыг сургуулийн эмчээр ахласан  үйлчлэгч нарын баг ажиллахаар болсон. Өмнөх жилүүдэд 8000 орчим хүн ажилладаг байсан бол энэ жил 12000 орчим хүн ажиллана гэсэн үг. Хоёрдугаарт,  нэмэгдсэн шалгах байруудад сонсох даалгаварын төхөөрөмж суулгах боломжгүйн улмаас энэ жилийн эх хэл болон гадаад хэлний шалгалтаас сонсох даалгаврууд  хасагдсан байгаа. Гуравдугаарт, теле хичээл, цахим сургалтууд сурагч бүрт хүртээмжтэй байж чадаагүй учраас 10,11 дүгээр ангийн агуулгыг бүрэн багтааж, 12 дугаар ангийн 3,4 дүгээр улирлын агуулгыг хасч шалгалтын материалаа бэлтгэсэн.

-  Шалгалтын нарийн хуваарыг хаанаас мэдэж болох вэ?

-ЭЕШ долдугаар сарын 2-ноос долдугаар сарын 5-ны өдрүүдэд багтаан зохион байгуулахаар болсон. Шалгалтын нарийвчилсан хуваарийг БСШУСЯ-наас баталж бүх аймаг дүүргүүдэд хүргэхээс гадна, www.eec.mn буюу ЭЕШ цахим хуудсанд зарласан. Мөн шалгуулагчдийн  суудлын хуваарт хичээл тус бүр хэдэн цагаас, хаана өгөхийг тодорхой заасан.

-  Батламж  хуудасны тухайд?

-Шалгалтын дүнг өдөр өдөрт нь шууд засалтын шилэн технологийн аргаар зарлана. Шалгалт авсан хянагч багш нар шалгалтын материалыг  хурааж аван битүүмжлээд бүх материал төвлөрч дууссаны дараа шууд засалтын ангид шилжүүлнэ. Ингэхдээ шалгалтын материал засах явцыг цахимаар шууд дамжуулж хүргэнэ. Ингэснээр шалгуулагчид дамжуулсан бичлэгийг шууд болон ухрааж үзэх боломжтой юм. Мөн эцэг эхчүүд ч шалгалтын материал засах үйл явцыг хөндлөнгөөс хянах боломжтой юм. Ингээд долдугаар сарын 6-ны өдрийн 09:00 цагт шалгалтын дүнг  үндэсний хэмжээнд зарлана. Харин их, дээд сургуулиуд долдугаар сарын 6-8-ны өдрүүдэд  цахимаар элсэлтийн бүртгэлээ явуулна. Долдугаар сарын 9,10-ны өдрүүдэд  БҮТ-өөс батламж хуудсыг хэвлэж, аймаг дүүргийн Боловсрол соёл урлагийн газрын хэлтсээр дамжуулан хүргэхийг зорьж ажиллах юм.

-Өмнө нь ЕБС төгссөн иргэд  шалгалтаа хэрхэн өгөх вэ?

- Энэ жилийн хувьд эх хэл, бичгийн шалгалт авах боломжгүй болсон тул өмнө нь эх хэл, бичгийн шалгалтдаа тэнцээгүй хүмүүс  энэ жил ЭЕШ-нд оролцож, их, дээд сургуульд элсэх бүрэн боломжтой болж байгаа юм. Эх хэл, бичгийн шалгалтын материалыг  засахад хугацаа их зарцуулдаг учир  ЭЕШ-ын үеэр авах боломжгүй юм.

-  Энэ жилийн босго оноонд өөрчлөлт орсон уу?

- Энэ жилийн хувьд их, дээд сургуулиуд босго оноондоо өөрчлөлт оруулаагүй. Төрийн өмчийн их дээд сургуулиудын босго оноо 480, Улаанбаатар хот дахь хувийн өмчийн сургуулийн босго оноо 410, хөдөө орон нутагт байгаа хувийн болон төрийн өмчийн их дээд сургуулиуд , коллежийн босго оноо 400 байна.

-  Солилцоогоор яваад хилийн чанадад гацсан сурагчдад ямар нэгэн боломж  байгаа юу?

БҮТ ийн хуулиар олгогдсон эрх үүрэгт нь цахимаар ЭЕШ зохион байгуулах үүрэг хараахан байхгүй. Мөн  энэ жилийн онцгой нөхцөл байдлыг үндэслэн цахимаар ЭЕШ авъя гэтэл орчин нөхцөл дутмаг учраас тэдгээр хүүхдүүд ирэх жилийг хүлээхээс өөр аргагүй болж байгаа юм.

- Шалгалтаас хоцорсон тохиолдолд яах ёстой вэ?

- Шалгалтаас хоцорсон тохиолдолд  шалгалтад оруулах боломжгүй болно. Тиймээс  тухайн шалгалтын байраа мэдэхгүй бол урьдчилан байрлалыг нь тогтоож, чиглэлийн автобусыг судалж цаг төлөвлөлтийг сайн барих хэрэгтэй.  Эс бөгөөс  буруу чиглэлийн автобусанд сууж төөрч, шалгалтын байраа хайж цаг алдан хоцрох магадлалтай. Тиймээс  хоцрохгүй байхад анхаарах хэрэгтэй.

-  Эцэг эх, сурагчдын зүгээс юун дээр илүү анхаарах ёстой  вэ?

Хүүхдийнхээ бичиг баримтыг хаяж гээлгүй бүрэн бүтэн авч ирэх, цагаасаа хоцролгүй ирэх тал дээр сайн хяналт тавих хэрэгтэй. Мөн шалгалтын байр руу гар утас, тоног төхөөрөмжийг оруулахгүй байхад анхаарах нь зүйтэй. Ямар нэгэн төхөөрөмж авч орох гэсэн оролдлого нь төхөөрөмж илрүүлэгчээр илрэх тул ийм асуудал бүү гаргаарай.

-  Шалгалтад ирэхдээ ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

Бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэх насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ гэсэн дөрвөн зүйлийг бүрдүүлнэ.