ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Залуус сонгуульдаа идэвхгүй оролцож байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-06-24

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт үргэлжилсээр байна. Өнөөдөр гадаа хур бороотой хэдий ч залуус дээлээ өмсөн саналаа өгч, 70 гарсан настан буурал ч төрт ёсоо хүндэтгэн саналаа өгөхөөр хүүдээ үүрүүлэн иржээ. Залуу хос хуримынхаа хувцастай саналаа өгсөн гээд өглөөнөөс эхлэн олон сайхан мэдээ дуулдаж байна.

Гэвч залуусын ирц, идэвх дахиад л өмнөх жилүүд шиг хангалтгүй байгааг 16 цагийн мэдээллээс харж болох нь. Тодруулбал, 16.00 цагийн байдлаар нийт залуусын дөнгөж 12 хувь нь саналаа өгсөн бол дундаж насныхан буюу 26-40 насныхан идэвхтэй байна. Тэдний ирц 54 хувьд хүрчээ. Мөн нийт санал өгсөн иргэдийн дотроос эмэгтэй сонгогчид идэвхтэй байгаа аж. Төр улсынхаа хөгжил дэвшлийн төлөө түүхэн чухал үүргээ биелүүлэхийг залуустаа уриалъя. Ямар төр бий болгохыг хүсэж байгаа, яг л тэр сонголтынхоо төлөө заавал саналаа өгөөрэй.