ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Баттулга: 76 гишүүнээ сайтар судалж, сонголтоо хийгээрэй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-06-24

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын 2020 оны сонгуулийн 23 дугаар  тойргийн 23-8 дугаар хэсгийн байранд 17:00 цагт ирж, саналаа өглөө. Тэрбээр "УИХ найм дахь удаагийн сонгууль өнөөдөр болж байна. Энэ удаагийн сонгуульдаа ард түмэн маань, тэр дундаа залуус минь идэвхийлэн оролцож, саналаа өгөөрэй гэж уриалмаар байна.17:00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн ирц 40 гаруй хувьтай, нийслэл хот арай илүү идэвхтэй 50 гаруй хувьтай байгааг надад мэдээлсэн. 22:00 цагт санал хураалт хаагдана. Залуустаа хандаж, Та нарын санал улс орны хөгжилд их чухал шүү гэдгийг хэлмээр байна.Найм дахь удаагийн сонгууль гэдгийг би түрүүн дурдсан. Бид бараа бүтээгдэхүүн сонгохдоо хаана үйлдвэрлэсэн, хэзээ үйлдвэрлэв гэдгийг маш сайн хардаг. УИХ-ыг бага ард түмэн гэж хэлдэг. Тиймээс энэ 76 гишүүнээ сайтар  судалж, сонголтоо хийгээрэй гэж Та бүхнээсээ хүсье" гэлээ.

 

 Үргэлжлүүлэн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

- Нэр дэвшигч Г.Амартүвшинг 2014 онд Монгол Улсын иргэншлээс хасагдаж байсан гэх мэдээлэл байна. Энэ талаар танд мэдээлэл байна уу?

- 2014 онд Монгол Улсын иргэншлээс хасагдсан эсэхийг би мэдэхгүй Үүнийг зохих байгууллагууд нь архиваас гаргаж ирэх ёстой байх. Ер нь бол гадаадын иргэншилтэй гэсэн пасспортын дугаарууд харагдаж байсан.

- Зургаан нэр дэвшигч урьдчилан хорих төвд хоригдож байгаа. Энэ асуудал дээр Та Ерөнхийлөгчийн хувьд ямар байр суурьтай байна вэ?

- Энэ нь шүүх эрх мэдлийн асуудал. Ажиглахад 2013, 2014, 2016 онуудад гэмт хэрэгт холбогдож байсан, шүүхээс тодорхой ялын дүгнэлтээ авчихсан хүмүүс.  Үүнийг бид ажиглаж байгаа.

- Эдийн засгийн нөхцөл байдал таатай биш байна. Та шинээр бүрдэх УИХ, Засгийн газартай хэрхэн хамтарч ажиллах вэ?

- Дэлхий даяар цар тахалтай холбоотойгоор эдийн засаг ямар байдалтай байгааг мэдэж байгаа. Монгол орны хувьд эдийн засаг төрөлжөөгүй, хэдхэн төрлийн экспорт дээр суурилдаг. Энэ сонгуулиар байгуулагдсан УИХ, Засгийн газартай маш шуурхайгаар эдийн засгийг босгох, ард иргэдээ ядуурлаас гаргах чиглэлд хамтарч ажиллана. Би өөрөө бизнес хийж байсан хүн учраас энэ зовлон жаргалыг ойлгодог.