ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын Дэд даргаар С.Одонтуяа ажиллана

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-06-30

УИХ-ын найм дахь удаагийн парламент өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийж, гишүүд нь тангараг өргөж дууслаа. Тэгвэл түр завсарлаад эргэж хуралдах ёстой чуулганы хуралдаанаар УИХ-ын дарга болон МАН, АН-ын хоёр Дэд дарга, мөн УИХ дахь хоёр намын бүлгийн дарга, Байнгын хороодын дарга нарын томилгоог хийх учиртай.

Тэгвэл албаны эх сурвалжаас өгсөн мэдээллээр 11 суудалтай АН-ын бүлэг УИХ-ын Дэд даргаар УИХ-ын гишүүн С.Одонтуяаг, харин намын бүлгийн даргаараа УИХ-ын гишүүн Д.Ганбатыг томилохоор тохирсон гэх мэдээлэл байна. С.Одонтуяа нь “Шонхор” фракцийн төлөөлөл бөгөөд УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдож байгаа туршлагатай улстөрч.

Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол УИХ-ын түүхэнд анх удаа эмэгтэй Дэд дарга томилогдох нь ээ. Харин АН-ын бүлгийн дарга болох Д.Ганбат нь МоАХ фракцийнх бөгөөд мөн л хоёр удаа сонгогдож байгаа улстөрч юм. Тэгвэл МАН-ынхан УИХ-ын даргаар Г.Занданшатарыг улираах, Дэд даргаар Б.Тогтохсүрэн эсвэл С.Бямбацогтыг томилохоор яриа хийгдэж байгаа бөгөөд Удирдах зөвлөл хуралда дуусаад чуулганы хуралдаан эхэлж байна.