ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Цэдэвсүрэн: Хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн төлбөрийг сар, улирлаар  авах боломжтой

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-07-29

БШУ-ын сайд Л.Цэдэвсүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр  "Цэцэрлэг, ЕБС, МСҮТ, их, дээд сургуулийн хичээлийг тасалдуулаагүй. Цахим болон теле хэлбэрээр сургалтыг үргэлжлүүлж, амжилттай дуусгасан.  Нөхцөл байдал амаргүй байгаа ч иргэдийнхээ сурч боловсрох эрхийг хангах үүднээс бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэх албан ёсны шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Ингэхдээ танхимын болон танхимын бусаар хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон бөгөөд хичээлийн жил эхлэх хүртэл нэг сарын хугацаанд бэлтгэл ажлаа хангахыг сайд нарт үүрэг болгосон. 

 

  • Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл 9 дүгээр сарын 1
  • Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл 9 дүгээр сарын 14
  • Их, дээд сургууль, коллежийн хичээл 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлнэ.

Харин есдүгээр сарын 1-нээс бүх шатны сургалтын байгууллагууд цахим болон теле хэлбэрээр хичээлээ үзнэ. Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжид үндэслэн нэг ангид байх хүүхдийн тоог 20 гэж тогтоосон. Энэ нь бүх шатлалд хамаарна. Цэцэрлэгийн багтаамжаас хамаарч 3-4 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна. Хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл үргэлжлүүлэн орно. Харин ирэх жил сургуульд элсэн суралцах учир таван настнуудыг цэцэрлэгт бүрэн хамруулна" гэлээ. Хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн төлбөрийг сар, улирлаар нь авах боломжтой уян хатан нөхцөлийг бүрдүүлэхээр болжээ. Мөн энэ хичээлийн жилд танхимд судлах хичээлийн тоог багасгахаар төлөвлөжээ. Ингэхдээ бүх ангид монгол хэл, математик хичээлийг танхимаар судлуулна. Дунд ангийнханд байгалийн ухааны хичээлүүд, ахлах ангид сонгон судлах хичээлийг танхимаар заах юм. 2020-2021 оны хичээлийн жилийн эхний сар гаруйн хугацаанд энэ хувилбараар хичээллэн, цаашид боломжтой бол хичээлийн тоог нэмсээр байх аж.