ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Дамба-Очир: МИАТ-ын асуудлыг шийдсэн

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-07-02

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр  хаврын чуулганд хийсэн ажлаа тайлагнаж, мэдээлэл хийлээ.  Эдийн засгийн байнгын хороо энэ хаврын чуулганаар 14 удаа хуралдсан бол ажлын хэсгүүд нь 30 гаруй удаа хуралджээ. Хаврын чуулганы хугацаанд 30 гаруй асуудлыг хэлэлцэж, 32 санал дүгнэлт бэлдэж, УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оруулсан байна.  Энэ хугацаанд дөрвөн хууль, долоон тогтоолыг эцэслэн батлуулсан бол олон улсын дөрвөн гэрээ хэлэлцээр баталжээ.

Тус байнгын хороо 2017 оны эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг 2019 оны эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг бэлтгэх, татварын орчныг сайжруулах, ажлын байр нэмэгдүүлэх, гадаад хөрөнгө оруулалт татах, Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг олон ажил хийжээ. Хамгийн сүүлд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрдэнэс Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах, 30 хувийг нь олон улсын болон дотоодын хөрөнгийн бирж дээр гаргах тогтоолын төслийг УИХ баталсан.

Үндсэндээ гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх, томоохон төслүүд хэрэгжих боломжийг бүрдүүлсэн  аж. Мөн тус байнгын хорооны дарга Д.Дамба-Очир “Төрийн өмчийг цэгцтэй болгох асуудлыг шийдсэн. Ашиглахгүй байгаа төрийн өмчийг орон нутагт нь буцаах, замбараагүй ашиглаж байгаа төрийн өмчийг цэгцлэх, тооллого хийх, хамгаалалт, хяналтыг сайжруулах тогтоолыг баталж өгсөн. Агаарын харилцааг сайжруулах үүднээс МИАТ-ын асуудлыг шийдсэн. Өөрөөр хэлбэл, хэд хэдэн газар руу явж байгаа хамгийн ашигтай чиглэл рүү ганц хоёрхон газар тээвэр хийж байна.

 Есдүгээр сар хүртэл тасалбар олдохгүй, үнэ нь өндөр байгаа учраас өөр компани нисэх шийдвэрийг гаргасан. Оюутолгой, “Эрдэнэт үйлдвэр” дээр Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг ажиллаж байна. Оюутолгойн ажлын хэсгийн ажил үндсэндээ дуусч байна. Харин “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажлын хэсгийн шалгалт үргэлжилж байна. Тиймээс ирэх намрын чуулганаар энэ хоёр ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэнэ.

Чуулган завсарласан хугацаанд Гадаадын хөрөнгө оруулалтын банкны ажлын хэсгийг ажиллуулах гэж байна. Гаднын хөрөнгө оруулалтын банкийг Монголд оруулж ирж болох хуулийн нөхцөлийг бүрдүүлж өгнө. Өөрөөр хэлбэл, манай арилжааны банкуудын санхүүжүүлж чадахгүй байгаа бага хүүтэй, их хэмжээний, том төслүүдийг санхүүжүүлэх банкийг оруулж ирнэ. Ингэснээр зээлийн хүү буурах юм. Орос Монголын хамтарсан төмөр зам дээр очиж ажиллахаар төлөвлөөд байна” гэсэн юм.