ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Будзаан:Гэр бүл салалтаас болж жилд 500 орчим хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртдөг

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-09-10

Цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, бэлгийн хүчирхийлэл,  хүүхдийн эрхийг хамгаалах , эцэг эх,  асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Сүүдэр бүү тусга” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээг Гэр бүл, хүүхэд залуусын хөгжлийн газар, “Дэлхийн зөн-Монгол”, “JCI-Монгол” Олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр улсын хэмжээнд зохион байгуулж эхэллээ.  Нэг сарын хугацаанд үргэлжлэх нэгдсэн арга хэмжээний талаар болон бусад асуудлаар  ЦЕГ-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Будзаантай ярилцлаа.

       -“Сүүдэр бүү тусга” нэгдсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгөөч. Ямар зорилгоор энэхүү  арга хэмжээг зохион байгуулж байгаа вэ?

-Манай улсад хүүхдийн эрхийн зөрчил, гэмт хэргийн улмаас хохирч байгаа асуудал төдийлөн буурахгүй байна. Коронавирусийн хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор хүүхдүүд  гэртээ байж, гудамж талбайд өмнөх шиг их байсангүй. Ингэснээр нийт гэмт хэргийн тоо буурсан ч ахуйн хүрээнд хүүхдийн эрх зөрчигдөх асуудал буураагүй. Тухайлбал, бэлгийн хүчирхийлэл,  гэр бүлийн хүчирхийлэл, бусад гэмт хэргийн  хохирогч болсоор байна. Тэгэхээр эцэг, эхчүүдийн  хүүхдүүддээ тавих үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг цагдаагийн байгууллагаас жил  бүр гэмт хэрэг гардаг саруудтай уялдуулан зохион байгуулдаг.  Тиймээс энэ удаагийн арга хэмжээ нь хүүхдийг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх,  таслан зогсоох, үүрэг хариуцлага нэмэгдүүлэх,  хүүхдээ хамгаалах чиглэлээр  мэдээ мэдээлэл өгөх юм. Хоёрдугаарт, бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг нуугдмал байдгаас болж хүүхэд хохирч үлддэг. Нотлох явцад хүндрэл бэрхшээл үүсдэг гэх мэтчилэн олон асуудал үүсдэг учраас энэ чиглэлээр иргэдэд эрх зүйн мэдлэг өгөх юм. “Сүүдэр бүү тусга” нэгдсэн арга хэмжээ  нэг сарын хугацаанд үргэлжилнэ. Цагдаагийн байгууллага хуулиар харъяалуулсан маш олон төрлийн гэмт хэргийг шалгаж байгаа. Түүний нэг төрөл нь хүчиндэх,  бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг.

    -Цагдаагийн байгууллага хүүхэд хохирсон асуудалд анхаарч ажиллахаас гадна, гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажиллах ёстой. Гэтэл  хүүхдүүдэд хүрч ажиллахад хүн хүчний хүрэлцээ ямархуу байдаг вэ?

-Цагдаагийн байгууллагын бүтцэд Хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх нэгжийг анх 1949 онд байгуулсан. Тус нэгж байгуулагдсанаас хойш нийт 70 орчим жил болж байна.  Энэ хугацаанд 300 орчим хүнтэй нэгж байсан. 2012 онд хийгдсэн хууль зүйн шинэтгэлийн хүрээнд уг бүтцийг буулгаад  цагдаагийн байгууллагын Хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг нийт  албан хаагчдад даалгаж явснаар энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлын үр нөлөө буурсан гэж үздэг. Улмаар 2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсан учраас 2017 онд энэ нэгжийг бий болгож, анхаарал  хандуулж эхэлсэн. Ингээд 2017 онд байгуулсан бүтцээр энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд 53 албан хаагч ажиллаж байгаа ч хүн  хүчний асуудал дутмаг байдаг. Нэг хүүхдийн байцаагчид нийт 20 орчим мянган хүүхэд, 12 их сургууль оногдож байгаа учраас ажлын ачаалал өндөр байдаг.

      -Фэйсбүүк хуудсаар дамжуулж танилцаад, бэлгийн хүчирхийлэлд өртсөн асуудал цөөнгүй гардаг. Энэ төрлийн  гэмт хэргийн илрүүлэлтийн талаар тоо баримттай мэдээлэл бий юу?

- Монгол Улсын хэмжээнд 2019 онд 253 хүүхэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон.   Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн талаар "Эрүүгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 12.4-т Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол 12 жилээс 20 хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг. Энэ нь Эрүүгийн хуульд заасан хамгийн хүнд ял шийтгэлтэй гэмт хэрэгт тооцогддог.   Хэн нэгэн 10 гаруй настай охиноо дагуулаад гудамжинд явж байлаа гэж бодъё. Тэгэхэд “таны охин хөөрхөн охин  байна,  танилцмаар байна”  гэж биед  нь хүрч байгаа бол цагдаагийн байгууллагад хандах байх. Тэгэхэд цахим сүлжээгээр дамжуулж таны хүүхэд рүү садар самуунд уруу татсан,  сурталчилсан янз  бүрийн  мэдээ мэдээлэл гарч байна. Хүүхдээ юу үзэж сонирхож байгааг нь эцэг,  эхчүүд  анхаарах ёстой. 2019 оны нэгдүгээр сард 16 настай охинтой цахимаар танилцаж, уулзаад, хүчиндээд хохирогч болгосон гэмт хэрэг бүртгэгдсэн.  Энэ жил  ч ийм гэмт хэрэг бүртгэгдэн,  шалгаж  байна. Цагдаагийн байгууллагаас хүүхдийг уруу татдаг, ийм төрлийн гэмт хэргээр ял шийтгүүлж байсан тавих хяналтаа сайжруулах, нөхөн илрүүлэх ажил хуулийн хүрээнд тогтмол  явагддаг.

     -Энэ төрлийн  хэрэгтэй холбоотой мэдээ мэдээллийг харж байхад,  өвөө нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэд хэдэн тохиолдол гарсан. Өндөр настай хүмүүс ач, зээгээ хүчирхийлээд байгаа асуудал юутай  холбоотой байна вэ?

-Гэр бүл салсан,  таарамжгүй харилцаанаас болж хүүхэд өнчирч үлдсэн,  хараа хяналт дутмаг хүүхдүүд энэ төрлийн  гэмт хэргийн хохирогч болдог. Хойд эцэг,  өвөө нь энэ гэмт хэргийг үйлдэж буй тохиолдол ч  бий. Үүнээс  урьдчилан сэргийлэх зорилгоор хууль тогтоомжийг урьдчилан таниулах,  иргэний нийгмийн байгууллагатай хамтарсан болон  сургууль, хороогоор дамжсан сургалт нөлөөллийн ажлууд хийгдээд явна.  Дээрх сургалт нөлөөллийн ажлууд ганцхан сар үргэлжлээд дуусахгүй. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх агуулга оруулж өгөхөөр ажиллаж байна. Судалгаанаас харахад гэр бүл салалтаас болж жилд 5000 орчим хүүхэд өнчирдөг бол, үүнээс 500 орчим нь бэлгийн хүчирхийллийн золиос болдог.

     -Гэмт хэрэг үйлдсэн хүчирхийлэгчийг хэрхэн таних вэ?

-Гадаадын улс орнуудад сайн туршлага бий. Тухайлбал,  пидофил  хэв шинж буюу  гаж донтой хүмүүс гэмт хэрэг үйлдсэн бол иргэдэд нээлттэй мэдээлдэг эрх зүйн зохицуулалтыг хийж өгсөн.  Тэгэхээр манай гэрийн ойролцоо ямар ямар хүмүүс байна вэ гэдгийг  цагдаагийн байгууллагын сайт руу ороод харж болдог эрх зүйн зохицуулалтыг нь ч хийгээд өгчихсөн.  Нөгөө талаас гаднаас нь хараад таних боломжгүй учраас цагдаагийн байгууллагаас энэ төрлийн  гэмт хэрэг үйлдээд ял авсан, шалгуулж байсан хүмүүст тавих хяналтаа сайжруулах замаар урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байгаа.

    - Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөд хэрхэн анхаарч ажилладаг вэ?

- СЭМҮТ-д тусгай тасаг нээгдэн зөвлөгөө өгч, нөхөн сэргээх ажлыг хийдэг. Харин цагдаагийн байгууллагын хувьд хохирогчийг хамгаалах, шаардлагатай бол гэрч хохирогчийг хамгаалах ажлыг явуулдаг. Мөн иргэний нийгмийн болон төрийн байгууллагууд хохирогчийг хамгаалахад нь холбон зуучилдаг. Эдгээр газрууд нь нийгмийн хамгаалалтад авах, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилуулах зэрэг ажлыг хийдэг.

 

    -Өмнө нь хүүхэд рүү  чиглэсэн арга хэмжээг цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж аян, арга хэмжээнүүд  үзр дүнгээ хэр өгсөн бэ?

-Ер нь аливаа аяны хүрээнд гэмт хэрэг 10-50 орчим хувиар буурдаг. Эерэг үзүүлэлт ч гардаг. Тухайн сардаа буураад явчихдаг ч дараа дараагийн сард гэмт хэрэг өсдөг үзүүлэлт бий. Тийм учраас тухайн сарын хугацаанд авсан мэдээ, мэдээллүүд  гэр бүлд, нийгэмд соёл болгож үлдээх нь чухал байгаа юм.  Эдгээр аянуудыг зүгээр нэг төлөвлөгөө гаргаж хийдэг зүйл биш шүү дээ. Соён гэгээрүүлэгч хүмүүс, нийгэмд эерэг мэдээ мэдээлэл түгээдэг,  хүүхдийн хүмүүжил төлөвшилд шинжлэх ухааны  батлагдсан арга тактикыг  эцэг, эхчүүдэд өгч байгаа юм. Үүнээс хэрэгтэй зүйлийг нь гэр бүлдээ аваад соёл болгох,  хүүхдийнхээ өмнө хариуцлагатай,  үүргээ ухамсарлана гэдэг хамгийн чухал. 24 цагийн 80 хувийг  хүүхэд гэр бүлдээ өнгөрүүлдэг. Тэр цаг хугацаанд төлөвших, хүмүүжих, аюулгүй орчинд амьдрах гэх мэт асуудлыг гэр бүлийн орчинд хамгаалах ёстой. Харин энэ орчинд нь хариуцлагагүй ээж, аавын буруугаас  болж хүүхдийн эрх зөрчигдөх асуудал буурахгүй байгаа. Тэгэхээр нийтээрээ хүүхдийн эрхийг хамгаалах,  нийгмээрээ зөв хэвшил хандлагыг төлөвшүүлэх хэрэгцээ шаардлага бий.