ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Угаарын хийн хордлогын улмаас эмнэлэгт хэвтсэн хүн байхгүй"

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-09-18

Энэ сарын 17-ноос 18-нд шилжих шөнө угаарын хийн хордлогын улмаас нэг өрхийн дөрвөн хүнд эмнэлгийн тусламж үзүүлжээ. Тэдний гурав нь насанд хүрэгчид, нэг нь хүүхэд байсан бөгөөд Нийслэлийн түргэн тусламжийн төвийн шуурхай баг гэрт нь очиж эмнэлгийн тусламж үзүүлэн зөвлөгөө мэдээлэл өгчээ. ЭХЭМҮТ рүү хүүхдийг хүргэн эмчилгээ хийж, зөвлөгөө мэдээлэл өгөөд буцаасан хэмээн БОАЖ-ын яамны зүгээс мэдэгдлээ. Өчигдрийн байдлаар эмнэлэгт хэвтсэн хүн байхгүй аж.

Мэргэжлийн харьяа байгууллагуудын ажилтан албан хаагчид хамтран “Яндангаа хөөлье” сарын аяныг зохион байгуулж эхэлсэн бөгөөд өчигдрийн байдлаар “Тавантолгой түлш” компанийн 70119400 утсаар болон өрхийн хяналтын ажилтнаар дамжуулан 8235 дуудлага хүлээн авч, 2334 яндан, ханын пийшинг хөөлжээ. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж, зөвлөмжийг дагаж зөв хийхийн тулд иргэн та ч хариуцлагатай байж өвөлдөө бэлтгэхийг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна.