ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ хоёр жилийн хугацаанд бие даасан 76 хууль баталжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-07-03

2018 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны тайланг танилцуулахаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан сэтгүүлчдэд энэ удаагийн ээлжит чуулганаар хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын баталсан хууль тогтоомжуудын талаар танилцуулав. Ээлжит чуулганы хугацаанд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн томоохон бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан гэдгийг тэрбээр онцоллоо. Таван толгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэн баталсан. Энэ хүрээнд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад дотоодын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжаалж, Таван толгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрүүдийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх бололцоо бүрдэж байгаа гэв. Түүнчлэн Монгол Улсын валютын нөөц, төсвийн орлого нэмэгдэх ач холбогдлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Олон жил улс төрийн үл ойлголцлоос үүдэн гацаж байсан энэхүү шийдвэрийг энэ удаагийн ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэн, холбогдох тогтоолыг баталснаар улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд томоохон нөлөө үзүүлэх Тавантолгойн төсөл энэ намраас эхлэх боломж бүрдсэн байна.

Банкны салбарын тогтвортой байдлыг хангах чиглэлээр батлагдсан хууль эрх зүйн орчны өөрчлөлтийн талаар Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Банкны хөрөнгө оруулагчид, эздийг хариуцлагажуулах, банкинд байршиж буй иргэдийн мөнгөн хадгаламжийг эрсдэлгүй болгох хууль эрх зүйн орчныг өөрчилсөн байна. Мөн банкны эзэд дур зоргоороо бизнесийн салбартай өрсөлддөг, хөрөнгө оруулалт хийдэг байдлыг таслан зогсоож, зөвхөн банк санхүүгийн үйлчилгээгээ ард иргэдэд хүртээмжтэй хүргэх, ард иргэдийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгийг эрсдэлгүй хадгалах үүргийг биелүүлэх хязгаарлалтыг хуульд тусгасан гэлээ. Иргэдийн ихээхэн хүлээж буй зээлийн хүүг бууруулах чиглэлээр Улсын Их Хурал энэ чуулганы хугацаанд анхаарал хандуулан ажиллаж, тодорхой ажлуудыг хийсэн аж.

Ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэн баталсан улсын бүртгэлийн багц хуулийн талаар мөн Улсын Их Хурлын дэд дарга онцлон танилцуулав. Төрөөс бүртгэлийн үйлчилгээ үзүүлэхдээ хүнд сурталтай, төвөг чирэгдэл ихтэй, төр өөрт буй мэдээллээ иргэдээс дахин шаарддаг байсныг дээрх багц хууль баталснаар өөрчилж байгаа аж. Тодруулбал, иргэдэд шуурхай, хүнд сурталгүйгээр төрийн бүртгэлийн үйлчилгээг  хүргэх эрх зүйн орчин бүрдсэн байна. 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд УИХ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулжээ. Иргэдэд газар олгох хугацаа дууссан байсныг сунгах шийдвэрийг Улсын Их Хурал дээрх хуулийн хүрээнд гаргаж, үүний үр дүнд газраа хувьчилж авч амжаагүй, газар эзэмших эрхээ авч чадаагүй иргэд газар эзэмших, ашиглах болому хууль эрх зүйн хүрээнд нээгдэж байгаа ач холбогдолтой юм байна.

Мөн тэрбээр 60 гаруй мянган багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэн, хөгжлийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлсэн Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн талаар онцоллоо. Хууль батлагдсанаар багш нарын цалингийн тогтолцоо өөрчлөгдөж, үйл ажиллагааны үр дүнд суурилсан тогтолцоонд шилжих аж.

Мэдээллийн төгсгөлд Л.Энх-Амгалан дарга Чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дэлгэрэнгүй танилцуулав. “Энэ чуулганаар хэлэлцсэн гол нэг асуудал бол ард иргэдийн төрд итгэх итгэлийг дээшлүүлэх, Улсын Их Хурлын гишүүдийн хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг баталсан. Намрын ээлжит чуулган шинэ дэгээр хуралдана. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүд бусдын картыг бүртгүүлж ирцэд нөлөөлөх боломжгүй болж байна. Мөн бусад гишүүний кнопыг дарж санал өгөх тогтолцоог халж байна. Улсын Их Хурлын гишүүд хурууны хээгээр Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд ирцээ бүртгүүлж, саналаа өгдөг болж байгаа юм” гэлээ. 

Тус хэвлэлийн бага хурлын үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ээлжит чуулганы үйл ажиллагааны талаарх тоон мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулав. Тэрбээр “2018 оны хаврын ээлжит чуулган тавьсан зорилтоо бүрэн биелүүлсэн бөгөөд энэ талаарх тоон мэдээллүүдийг харж болно. Ээлжит чуулган бүрийн үйл ажиллагааны тоон мэдээллийг УИХ-ын Тамгын газар тогтмол бэлтгэж ирсэн бөгөөд 2017 оны намрын ээлжит чуулганаас эхлэн олон нийтэд танилцуулж байгаа” гэв. Ингээд тэрбээр Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаарх тоон мэдээллүүдээс заримыг онцоллоо.