ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Жоншны уурхайн ажилтан шороонд дарагдан амиа алдлаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-09-23

Энэ сарын 21-ний өдөр 16.30 цагийн орчимд Дундговь аймгийн Хулд сумын нутагт байрлах “Баянбулаг” нөхөрлөлийн жоншны уурхайд нуралт үүсэж, нэг хүн дарагджээ. Тодруулбал, тухайн газарт нөхөн сэргээлтийн ажил хийж байсан 30 настай эрэгтэй М нь 20 метрийн гүнд шороонд дарагдсан байна. Энэ тухай мэдээллийг тухайн өдрийн 18.35 цагт тус сумын хэсгийн цагдаа аймгийнхаа Онцгой байдлын газарт өгсөн аж.

Есдүгээр сарын 21-ны 21.00 цагаас эхлэн Аймгийн онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн албан хаагчид цагдаагийн хамгаалалт дор аврах ажиллагаа явуулсан ч залууг аварч чадаагүй байна. Маш гүн шороонд дарагдсан учраас амьд байх ямар ч боломжгүй байсан бөгөөд түүний шарилыг өчигдөр 18.00 цагийн үед гарган авчээ.

Хөдөлмөр, хамгааллын аюулгүй байдлыг хангаж чадаагүйн улмаас ийнхүү ид хөдөлмөрлөх насандаа нэгэн сайхан залуу үйлдвэрлэлийн ослын улмаас амиа алдлаа. Талийгаачийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. Талийгаач нь Налайх дүүргийн дөрөвдүгээр хороонд амьдардаг байжээ. Хэргийг Аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.