Бөхчүүдийн бяр ханаж, харваачдын цэц тэгширчээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-07-04

Өглөө босч, тэнгэрийн өнгийг шинжиж, түрүүлэх морины зүсийг нүүх үүлнээсээ хардаг монгол түмний уламжлалт их баяр наадам болоход хэдхэн хоног дутуу байна.  Хол байна даа хэмээн хоног тоолон хүлээдэг Улсын баяр наадам тун удахгүй болох нь.  Наадам айсуй энэ өдрүүдэд бөхчүүдийн галыг зорьж, агаар салхинд “согтож”, амттай яриа сонсоод ирлээ. 

Манай сурвалжлах хэсэг өнгөрсөн бямба гарагт Бугын сангийн аж ахуйд гарсан бөхийн галд зочиллоо. Ид бэлтгэлээ базааж байгаа хүчтэнүүдтэй уулзаж, ярилцаж, үг унагана гэдэг тийм ч амар ажил биш. Ид барилдаж байгаа, цол горилдог бөхчүүд наадмын өмнө олон үг нурших дургүй байдаг болохоор тэр л дээ.

Тиймээс энэ удаад Бугын сангийн аж ахуйг зорихдоо Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүдийн бэлтгэлийг базааж, дасгалжуулж, багшилж байгаа Ардын багш Ч.Дамдиншаравыг гэрээс нь аваад хөдөлсөн юм. Өвгөн багш хуримын урилгатай хотод ирж хэд хоночихоод, шавь нар руугаа буцаж таарсан нь тэр.  Хотоос гарахдаа бид Өвөрхангайн бөхчүүдийн өнгө, залгамж халаа, наадмын шинж гээд олон зүйлийг ярьсаар Бугын сангийн аж ахуйд очлоо. Зургадугаар сарын дундуур орсон бороо газрын өнгийг бага сага засчээ. Гэхдээ л Богд уулын дархан цаазат ам номин ногоон болоогүй л байна билээ. 

Наадам болдгоороо болж, бөхчүүд барилддагаараа барилдана

Биднийг Бугын сангийн аж ахуйд очиход наадам зохион байгуулах комиссын төлөөлөл болон “Допингийн эсрэг төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Сүхбат нар оччихсон сургалт, мэдээлэл хийж байлаа.  Наадам дөхсөн энэ өдрүүдэд Бөхийн холбоо хоёр талдаа гарч, аваргууд хэл ам таталж, АТГ-т хүртэл хандаад байгаа. Зарим нь наадмаар бөх барилдуулахгүй, төрийн наадам хохирол амсана гэх утгатай үг хэлсэн гэдэг мэдээлэл аль хэдийнэ хуурай өвсөн тавьсан түймэр адил тарсан.

Тиймдээ ч бөхчүүд наадмын зохион байгуулалтын талаар багагүй сонирхож байлаа. Бугын сангийн аж ахуйд Өвөрхангай, Баянхонгор аймаг болон Хил хамгаалах Ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны бөхчүүд бэлтгэлээ базааж байв. Мөн “Хилчин” спорт хорооны харваачид Даян мэргэн Б.Ёндонгоор ахлуулан бэлтгэлээ хийж байна.  Наадам зохион байгуулах комиссынхон энэ жилийн баяр наадам болдгоороо болж, бөхчүүд барилддагаараа барилдана гэдгийг хэлж, бэлтгэлээ сайн базаахыг бөхчүүдэд захиж байлаа. Бөхийн холбоо хоёр хуваагдсан нь наадамд ямар ч нөлөөгүй.

Наадмыг Бөхийн холбоо биш комисс зохион байгуулна гэдгийг ойлгох хэрэгтэйг ч хэлж байв. Бөхчүүдийн хамгийн их сонирхсон сэдвийн нэг нь наадмаар камер ашиглаж, шийдвэр гаргах тухай байв. Өнгөрсөн жилүүдийн наадмаар маргаантай барилдаан   хэд хэд болсон. Хөлийн цэц алдаатай шийдвэр гаргасан гэж  үзэх ч хүмүүс их бий. Тиймээс камер ашиглах хэрэгтэй талаар санал гаргах ч бөхчүүд байв. Харин наадам зохион байгуулах комисс энэ жил камер ашиглахгүй, хөлийн цэц шийдвэрээ гаргана гэдгийг хэлсэн юм.

“Допингийн эсрэг төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Сүхбат сэргээш хэрэглэх нь ямар хор хөнөөлтэй талаар бөхчүүдэд сургалт хийв. Тэрбээр “Сэргээшийн шинжилгээ авч байгаа дээжийг нуун далдлах, солих ямар ч бололцоогүй. Энэ бол хоосон хардлага. Тусгай лабораторид үйлдвэрлэсэн саванд шээлгэж аваад, явуулдаг. Допингийн шинжилгээ авдаг том лабораториуд ч гэсэн зөвхөн байгууллагатай л харьцдаг. Хувь хүнтэй харьцдаггүй” хэмээн ярьж, ямар өндөр нууцлал, номер, дугаараар шинжилгээ авдаг болохыг ярьсан юм. Мөн “Допинг хэрэглэсэн хүмүүс спортын замд, дэвжээнд амь насаа алдсан тохиолдол олон гарсан.

Тиймээс тамирчид өөрсдөө допингийн эсрэг тэмцэх байгууллагыг байгуулахыг шаардаж, бий болсон юм шүү. Допинг тамирчны эрүүл мэндэд маш хортой. Амин чухал эрхтэнүүдийг чинь гэмтээнэ. Эрхтэнүүд гэмтчихвэл тамирчид хүчгүй болдог. Хамгийн том аюул нь үр удмыг чинь тасална. Бөхийн үр удмыг таслах зорилготой хүмүүс өнөө маргаашийн хэдэн төгрөгийн төлөө ийм ажил хийж байгаа шүү. Та бүхэн анхаараарай. Жил болгон допингийн жагсаалтыг шинэчилж гаргадаг. Допингийн жагсаалтад орсон бодис өөрийн чинь идэж байгаа хүнс, ууж буй ундаа, хэрэглэж буй эм тарианд байж магадгүй шүү. Сайтар сэрэмжтэй байгаарай” хэмээн захьсан юм.

Энэ үеэр зарим бөхчүүд сэргээшийн шинжилгээ авахдаа сайтар анхаарч байхыг хүссэн юм. Шинжилгээ өгөхдөө өөр хүний шээс хувцсандаа, гутлынхаа түрийнд нууж ороод, өгдөг гэдэг хэл ам ч гардаг юм байна. Тэгвэл өнөө жилийн наадмын үеэр шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авахдаа халадтай, углааштай оруулж, камераар хянана гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа. Мөн допинг илэрсэн таван бөхийг наадамд барилдуулахгүй байх шийдвэр албан ёсоор гарсан гэдгийг ч хэлсэн юм. 

Бөхчүүдийн бэлтгэл ханаж, аймгийн наадмууд руу явж эхэлжээ

Хурц нар зулай дээрээс төөнөсөн халуун өдөр учраас бөхчүүд сүүдрэвч дор удаан сууж, албаны хүмүүсийн яриаг сонсоход ч хэцүү байгаа нь ажиглагдаж байлаа. Байн байн гэрээс ус зөөлгөж уусаар, арай гэж хурал дуусгаад, тарж одов.  Бид өдөр очсон учраас “Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүд бэлтгэлээ хийж дуусаад, өдрийн хоолондоо орчихоод, амарч байсан юм.

Энэ галд Улсын харцага Х.Гантулга, улсын начин Б.Сангисүрэн тэргүүтэй бөхчүүд багтаж, Улсын арслан Б.Ганбаатар, Ардын багш Ч.Дамдиншарав нарын удирдлага дор бэлтгэлээ базааж байгаа аж.  Бид ч багш нарын гэрээр орж, шарсан баншаар дайлуулангаа Ардын багш Ч.Дамдиншаравтай хэсэг ярилцаа. Энэ жил “Их Монголын хүчтэн” дэвжээний тэргүүн солигдож, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж болжээ. Тиймдээ ч энэ жил бэлтгэлийн хэв маягаа өөрчилж, шинэ системээр хийхээр гарч ирсэн гэнэ. Нийтдээ 60 шахам бөх энэ галд багтаж, Бугын сангийн аж ахуйд гарчээ.

Түүний 40 орчим нь улс, аймгийн цолтой бөхчүүд. Үлдсэн нь залуучууд бөгөөд аймаг, сумын наадамд барилдах гэнэ. Ч.Дамдиншарав багш “Бэлтгэл нэлээд жигдрээд, гол ачаалаа авчихсан. Одоо бусад бөхчүүдээ судлах, өөрсдийнхөө давуу болон дутагдтай талдаа дүгнэлт хийх бэлтгэл эхэлчихсэн байна” хэмээн ярьсан юм. Сумын наадамд барилдах залуу бөхчүүд нь энэ сарын 1-нээс хөдөө яваад эхэлчихсэн гэнэ. Тэгвэл аймгийн наадамд барилдаж, цолоо ахиулах залуучууд нь энэ сарын 5-наас бэлтгэлээ дуусгаад, аймгууд руу явах юм байна. “Их Монголын хүчтэн” дэвжээнээс 30 гаруй бөх аймгийн наадмуудад барилдах ажээ. 

Биднийг ийн ярилцаж, мэдээлэл авч байх зуур өдрийн 16:00 цаг болж, Хил хамгаалах Ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны бөхчүүд бэлтгэлдээ гарсан юм.   Бэлтгэл хийж байгаа бөхчүүдийн хажууд хамаагүй очиж болохгүй учраас Ч.Дамдиншарав багшаар мундагдуулж, “Хилчин” спорт хорооны бөхчүүдийг удирдаж, бэлтгэлд гарсан Улсын заан Ц.Мягмарсүрэн, Улсын начин Н.Бүрэнбаатар нараас зөвшөөрөл авч байж очсон юм.  Өнгөрсөн бямба гарагт бөхийн галуудын наадам болж байгаа учраас том цолтнууд эзгүй байлаа. Харин аймгийн цолтой болон залуу бөхчүүд дэвж шавах, туг тойрохоос эхлээд тодорхой барьц барьж барилдах бэлтгэл хийж байв.

“Хилчин” спорт хорооны дасгалжуулагч багш, Улсын өсөх идэр начин Н.Бүрэнбаатар “Энэ жилийн бэлтгэлээ бид арай өөрөөр хийж байгаа. Юу гэвэл, чөлөөт болон жүдогийн буюу их спортын тамирчдын авдаг бэлтгэлийн ачааллыг монгол бөх рүү ойртуулж, хийсэн. Ерөнхий ачааллаа өгөөд дуусчихсан. Одоо техник, тактикийн шинжтэй бэлтгэл хийж байна. Наадам чанга болно. Хоёрын даваанд аймгийн арслангууд хоорондоо барилдах нь тодорхой. Залуу начингууд ч аймгийн арслангуудтай барилдах нь ойлгомжтой. Гурвын даваанд ам авах бөх олон байна. Гэх мэтээр багш, дасгалжуулагч нар дотроо төсөөлөөд, төлөвлөгөөгөө гаргачихсан.  Манай “Хилчин” спорт хорооноос олон хүчтэн улсын наадамд барилддаг.

Тэр олон хүчтэнээс  2011 онд С.Мөнхбат аварга маань түрүүлж, хилчдээ баярлуулж байлаа.  Энэ жилийн хувьд “Хилчин” спорт хорооноос дээшээ явж барилдах бөхчүүд олон байгаа. Сайхан харцагууд байна. О.Хангай харцага манай спорт хорооны тамирчин, хилчин хүн. Д.Бат-Эрдэнэ харцага бас бий.  Начингуудаа дурдаж болж байна. Ч.Батчулуун, Л.Цэрэнтогтох, Л.Батзориг, Р.Ганхуяг, Г.Баасандорж гээд сайхан начингууд байгаа. Түүнээс гадна, дээшээ барилдах магадлалтай Аймгийн арслан цолтой олон сайхан бөхчүүд байна. Бид бүтэн жилийн бэлтгэлийг хараад л дээшээ явж барилдах байх гэж хэлээд байгаа юм шүү. Аймгийн арслан Д.Бадамгарав гайгүй барилдчих болов уу. Мөн Ням-Очир, Тангад гэсэн арслангууд маань хүнд барилдаан хийнэ. Гэхдээ л гайгүй барилдчих болов уу гэж харж байна” хэмээн  ярилаа.  

Харваачид 10-ны өдөр хүртэл бэлтгэлээ базаана 

Мэдээж багш, дасгал­жуу­лагчид, бөхчүүдтэй уулзсаных наадмын тааврыг нь асуулгүй өнгөрч болохгүй. Тэд бүгдээрээ л дотроо нэг бөхийг түрүүлнэ гэж таамаглаж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ хэн нь ч нэр хэлэхгүй, хаширлаж, юу ч болж мэднэ хэмээцгээж байлаа. “Хүмүүс энэ жил Б.Бат-Өлзий харцагыг түрүүлнэ гээд байгаа шүү дээ” хэмээн жаахан хатгав. Гэтэл Ц.Мягмарсүрэн заан “Б.Бат-Өлзий, О.Хангай хоёр тав юм уу зургаагийн даваанд хоорондоо тунана. Хоёр сайхан залуу нэгнийгээ “хадна даа” хэмээн жаахан харамсангуй хэлнэ билээ. 

Заан өөрөө Ховд аймгийн бөх. Гэтэл Ховдоос гарч ирж байгаа хоёр сайхан бөх нэгнийгээ дараа жилийн наадам хүртэл хүлээлгэнэ гэж бодохоор харамсмаар байгаа нь мэдээж.  Залуу бөхчүүдийн барилдааныг харж хэсэг суусны дараа Бугын сангийн аж ахуйд бэлтгэлээ базааж буй “Хилчин” спорт хорооны харваачдын цэц шалгаж буй талбайд очлоо.  Улсын наадамдаа хоёр түрүүлсэн Даян мэргэн Б.Ёндонгийн удирдлага дор 10 гаруй харваач бэлтгэлээ базааж байгаа аж. Биднийг сурын бэлтгэл хийж буй талбайд очиход харваачид сум тавьж, цэцээ шалгаж, уухай хадааж байлаа.  Хэдийгээр салхитай өдөр байсан ч харваачид цаг агаарын ямар ч нөхцөлд сумаа харваж, цэцээ тааруулдаг аж.

Даян мэргэн Б.Ёндон бэлтгэлийнхээ талаар “Энэ жил “Хилчин” спорт хорооны харваачид зургадугаар сарын 15-ны өдөр бэлтгэлдээ гарсан. 20-ноос жигдэрч, бэлтгэлээ хийж байна даа.  Нийтдээ 20 орчим хүн бэлтгэл хийж байгаа. Харин энд 10 гаруй хүн байрлаж, бэлтгэлээ байнга хийж байна.  Долдугаар сарын 5-ны өдөр залуучуудын улсын аварга болно. Тэнд залуучууд маань оролцоно. Зарим нь аймгийн наадамд оролцох байх.

Гэхдээ улсын наадамдаа бүх харваачид маань оролцоно. Манайхан Бугын сангийн аж ахуйд дөрөв дэх жилдээ гарч бэлтгэлээ базааж байна. Энэ хугацаанд улсын наадамд нэг түрүүлж, нэг үзүүрлэлээ, манай харваачид. Манай залуучууд өвөл хүртэл бэлтгэл хийдэг. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас тодорхой хэмжээнд, клубын төвшинд бэлтгэлээ хийж ирсэн. Саяхан тэмцээн болохоод 40 сумаас 35 онож түрүүлж байх жишээтэй.  Энэ бол өвлийн бэлтгэл хийсний үр дүн” хэмээн ярьсан юм. “Хилчин” спорт хорооны харваачдын бэлтгэл ерөнхийдөө ханаж, цэц тэгширч эхэлжээ. Энэ сарын 10-ныг хүртэл бэлтгэлээ базаагаад, наадамдаа харвах юм байна.