ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Их Британи, Франц улсуудад халдварын тохиолдол дээд хэмжээндээ хүрлээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-09-25

Дэлхий даяар бүртгэгдсэн коронавирусийн халдварын нийт тохиолдол 32 саяын босгыг давсан талаар  "Associated Press" агентлагаас мэдээлжээ. Ингэхдээ сүүлийн хоногуудад Европ тивийн улс орнуудад халдварын хоёр дахь давалгаа эхэлсэн нь гол нөлөө үзүүлсэн хэмээн дурдсан бөгөөд  Их Британи, Франц улсуудад цар тахал эхэлсэн цагаас хойш нэг өдрийн дотор хамгийн олон халдварын тохиолдол бүртгэгдсэн аж.  Их Британи улсад сүүлийн 24 цагт 6632 халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн нь дөрөв, тавдугаар саруудын оргил үеийн хэмжээнээс хоёр дахин өндөр байна. Тодруулбал,  тус улс коронавирусээр 42000 орчим иргэнээ алдсан үзүүлэлтээр Европ тивд тэргүүлж байгаа.

Их Британи, Францаас гадна Испани улсад өчигдөр нэг өдрийн дотор 10600 гаруй халдварын тохиолдол нэмэгдэж,  нийслэл Мадрид хотын захиргаа хүнд хэцүү цаг үе ирж буйг оршин суугчдадаа анхааруулж хорио цээрийн дэглэмд бэлтгэлтэй байхыг зөвлөжээ.

Харин  манай хойд хөрш ОХУ-д өчигдөр 6595 шинэ тохиолдол нэмэгдсэн нь долдугаар сараас хойших хугацааны хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Зургаадугаар сараас хойш Москва хотод анх удаа 1000-аас дээш тооны тохиолдол өчигдөр бүртгэгджээ. Дэлхийд халдварын тоогоор дөрөвт жагсаж байгаа ОХУ-д өчигдрийн байдлаар 1.12 сая тохиолдол бүртгэгдэж, 20000 орчим хүн нас бараад байна. Тус улсын эрх баригчид халдварын хоёр дахь давалгаанд бэлтгэлтэй байгаа тул энэ удаа хорио цээрийн дэглэм тогтоохгүй гэсэн байр суурьтай байгаа юм.