ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2020” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-10-01

Хуримтлалын өдрийг тохиолдуулан Монголбанк, Хадгаламжийн Даатгалын Корпораци, ХБНГУ-ын Шпаркассэ банкны сан, Монголын Банкны Холбоо хамтран “Дэлхийн хуримтлалын өдөр 2020” аяныг “Хуримтлуулах хялбархан” уриатайгаар эхлүүллээ. Монгол Улс 2017 оноос хуримтлалын үндэсний бэлгэ тэмдэгтэй болж “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг Монгол Улс даяар тэмдэглэж эхэлсэн юм.

Аяны нээлтэд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын байнгын орлогч Ротенбэрг, Хадгаламжийн Даатгалын Корпорацийн гүйцэтгэх захирал Х.Бум-Эрдэнэ, Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал Л.Амар, Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лох нар оролцон үг хэлж, Дэлхийн хуримтлалын өдөр, хуримтлалын ач холбогдол, Монгол-Германы хамтарсан төслийн үр дүн, харилцагчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд банкны үүрэг зэрэг сэдвээр мэдээлэл өглөө.

Нэг сарын турш үргэлжлэх уг аяны хүрээнд иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих, хуримтлалыг хэвшил болгоход чиглэсэн олон үйл ажиллагаануудыг зохион байгуулна. Тухайлбал, хүүхэд залуучуудын дунд гар зураг, цахим орчинд Тик Ток видео, Мийм (Meme) зэрэг бүтээлийн уралдааныг зохион байгуулахаас гадна сургалт, уулзалтуудыг хийж, хуримтлалын ач холбогдлыг таниулан сурталчлах юм. “Дэлхийн хуримтлалын өдөр 2020” аяны хамтрагчаар Мөнх Тунх анимейшн ажиллаж байгаа ба хуримтлалын бэлгэ тэмдэг болсон “Ботгохон” -ы түүхээр хүүхэд багачуудыг аялуулах болно.

“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээг 10-р сарын 20-нд Дархан хотод, 10-р сарын 22-нд Эрдэнэт хотод, 10-р сарын 27-нд Баруун-Урт хотод, 10-р сарын 31-нд Улаанбаатар хотод тус тус зохион байгуулна.