ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Дэлгэрсайхан:Нэг хаяг дээр олон хүн байгаа нь гурван шалтгаантай

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-14

Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн талаар СЕХ-оос мэдээлэл хийлээ. СЕХ-оос мэдээлснээр сонгуулийн бэлтгэл ажлын бүрэн хангаж, 2148 хэсгийн хороонд санал тоолох төхөөрөмжийг хүргүүлжээ. Санал  хураалт аравдугаар  сарын 15-нд  буюу маргааш  өглөө 07:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл үргэлжлэх ажээ.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:

- 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр батлагдсан хуулиар орон нутгийн сонгуулийн сонгогчдын ирцийг босгогүй байхаар тогтсон учраас санал хураах цагийг богиносгож, 07.00-20.00 цаг болгосон. Сонгуулийн дүнг мэдээлэхдээ дэлгэцээр харуулах  техникийн  боломжгүй. Өөрөөр хэлбэл,  8000 гаруй мандат дээр 17 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдөж байгаа  юм. Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн дүнг аймаг, нийслэлийн сонгуулийн хороод өөрсдөө гаргаж баталгаажуулах хуулийн заалттай. Гэхдээ бид автоматжуулсан системээ ашиглан сонгуулийн дүнг шуурхай, ил тод дамжуулна. Энэ удаанийн орон  нутгийн  сонгуульд есөн нам, нэг эвслээс болон бие даан нийт 17149 нэр дэвшигч маргааш оройноос нөгөөдөр өглөө хүртэл СЕХ-ны веб хуудаснаас нийслэл, сум дүүрэгт гарсан сонгуулийн дүнтэй танилцаж болно.

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан: 

-Жил бүрийн сонгуулиар нэрийн жагсаалттай холбоотой нэг иргэн олон давхар  санал өгсөн,  айлын  хаяг дээр хүн  нэмэгдэх гэх  мэтчилэн асуудал үүсдэг л дээ. Гэхдээ  олон төрийн байгууллагын хяналт дор нэрийн жагсаалт үйлдэгддэг учраас зөрчил гарах боломжгүй. Нэг хаяг дээр олон хүн байгаа нь гурван үндсэн шалтгаантай. Жишээлбэл,  Сонгинохайрхан дүүргийн халамжийн төвд 145 хүн нэг хаяг дээр байна. Энэ нь орон гэргүй хүмүүст үйлчилдэг байгууллага. Мөн  "Зөв амьдрах ухаан" ТББ-ын хаяг дээр 50 хүн амьдарч байх жишээтэй. Дараагийн тохиолдол нь иргэд үл хөдлөх эд хөрөнгөө борлуулахдаа хаягийн шилжилт хөдөлгөөн хийлгэдэггүй болоод нэг хаяг дээр олон хүн давхцах тохиолдол бий. Гуравдугаарт, хаягийн зөрчил буюу Баянзүрх дүүрэгт задгай айлуудаа 100 гэдэг тоотоор дугаарласан байдаг. Задгай гэдгээрээ хаяглагдсан учраас 100 гэх тоотын дор маш олон хүн амьдарч байна. Нэрийн жагсаалтаас харахад нэг хаяг дээр 45 хүн харагдах жишээтэй. 

ЦЕГ-ны хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Ч.Чинбат:

-Манай цагдаагийн байгууллага сонгуулийн үйл ажиллагааны хэвийн нөхцлийг хангах чиглэлд анхаарч ажиллана. Цагдаагийн байгууллагад хүний улс төрийн эрх эрх чөлөөтэй холбоотой 207 гомдол,  хуурамч бичиг баримт үйлдэх гэмт хэрэг 2, нэр дэвшигчийн нэр төртэй холбоотой 62 гомдол, Мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй амлалт өгсөн зөрчлийн шинжтэй 7 гомдол тус тус ирсэн.  Санал тоолох машинтай холбоотой асуудлыг ТЕГ болон цагдаагийн байгууллага хамтран шалгаж байгаа.