ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Амьдрал тээдэг жолооч

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-07-05

Завгүй амьдралын харгуйд цаг, нартай уралдан биднийг зорьсон газарт минь, түргэн шуурхай, саадгүй хүргэдэг ачтанууд бол таксины жолооч нар байдаг. Улаанбаатар хотод албаны болон амины машинаараа таксинд явдаг олон мянган хүн бий. Гэхдээ нийслэл хотынхоо бүхий л гудамж талбай, байшин барилгуудыг гарын таван хуруу шигээ нүдэлж, замын ачаалал түгжрэлийг хэдэн цагт хаагуур тойрч очихоо мэддэг, хэрэглэгч үйлчлүүлэгчийнхээ цаг зав мөнгийг хэмнэдэг мэргэжлийн жолоочид харин гарын таван хуруунд багтахуйц цөөхөн байдаг аж.

Манай сонин энэ удаагийн “Эгэл амьдрал” буландаа “Ulaanbaatar transport taxi” ХХК-ны таксины жолооч эмэгтэйг урьсан юм. “Ургах нартай зэрэгцэн босч захиалга өгсөн үйлчлүүлэгчдээ гэ­рийнх нь гаднаас тосдог хү­мүүс  бол таксины жо­лооч нар. Албандаа яар­сан хүмүүсийн ажлыг нь бүтээж өгөөд “баярлалаа” гэх үгийг сонсоод үлдэх л хам­гийн сайхан байдаг даа” хэмээн яриагаа эхэлсэн энэ эмэг­тэйг Д.Мягмаржаргал гэ­дэг. “Улаанбаатар такси” гэсэн бичиг логотой саарал даа­вуун цамц өмсөж, суудлын да­руул­гаа цэмбийтэл бүсэл­сэн халимаг үс, нүдний шил­тэй тэр эмэгтэй үе үехэн инээд алдаж сайхан энерги цацруулах аж.

“Таксины бид чинь түмэн олныхоо буянаар л маргаашийн өдөр рүү итгэл дүүрэн тэмүүлж чадаж байна. Манайхан чинь сайхан соёлтой болсон” гэж үйлчлүүлэгч олныгоо магтаж байв.  
Тэрбээр дөрвөн хүүхдийн ээж, хоёр зээгийн эмээ аж. “Тавин насны босгыг алхаад эхлэхээр олон цагаар машин барихаас халгаад байдаг болжээ. Ойрын үед ажлаа сольдог ч юм уу гэж бодогдох болсон. Японоос хүүхдээ ирэхээр зөвлөлдөж байгаад цаашид юу хийхээ шийднэ. Хүн өөрийн амьдралынхаа үнэ цэнэтэй бүхнийг өөрөө л бүтээх нь чухал санагддаг” хэмээн ярих тэрбээр 2012 оноос эхлэн “Ulaanbaatar transport taxi” компанид түрээсийн жолоочоор ажилд оржээ.

Д.Мягмаржаргал эгч хуучнаар Улаанбаатар хотын Ажилчны районд үйлдвэрийн ажилчин н.Дашбалжирын дөрөв дэх охин болж төржээ. Дээрээ хоёр эгч нэг ахтай. Доороо нэг эрэгтэй дүүтэй. Айлын бага охин учир гэрийнхээ хамаг ажлыг нугалдаг байсан хэмээн дурсах үедээ алсад үлдсэн балчир насныхаа жаргалтай үеэ сэтгэлдээ дүрсэлж байна уу гэлтэй нүд нь гялалзаж байсан юм. Тэрбээр 1984 онд Нисэхэд байдаг Ерөнхий боловсролын долдугаар сургуулийг төгсөж, 1986 онд Хүнсний техникумыг онц дүнтэйгээр дүүргэжээ.  Хэдийгээр хөнгөн үйлдвэрийн аж үйлдвэрийн техникумд дэвшин суралцсан ч төгсдөг жил нь Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжиж үйлдвэрүүд хаалгаа барьсны улмаас мэргэжлийнхээ ажлыг хийж чадаагүй байна.
Монголын бүх үйлдвэрүүд шил даран татан буугдаж байсан хэцүү он жилүүдэд ажил олохоор жижигхэн бор чемоданд нэг ээлжийн солих хувцас хийгээд Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт очжээ. Гэвч бүтэн өдөржин конторын үүд сахиж суугаад даргатай нь уулзаж чадаагүй учраас арга буюу буцсан гэдэг.

Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш 10 жил ганзагын наймаа эрхэлж, гэр бүлтэй ч болсон байна. Хүүхдүүд нь өсөж томрохын хэрээр байнгын ийш тийшээ явдаг наймаачны ажил зохимжгүй байсан тул бага цалинтай ч тогтмол орлоготой “Чингис хаан” нисэх онгоцны буудалд   үйлчлэгчээр 2002 оноос эхлэн 10 жил тасралтгүй ажиллажээ. “Та яагаад таксины жолооч болсон юм бэ” хэмээн сонирхон асуухад  “Улаанбаатар такси компани байгуулагдаад удаагүй байхдаа манай нисэх онгоцны төв буудал дээр хоёр угтагч ажиллуулсан юм. Тэр хоёр хүн нь гадаад дотоодоос ирэх жуулчдыг угтаж үйлчлэн “Улаанбаатар такси” компани танд үйлчилж байна гэж хэлээд зорчигчоо таксинд суулгахыг олон удаа харсан. Хүмүүс нь их найрсаг үйлчилгээтэй санагдсан. Мөн гадаадаас ирж буй жуулчдад үйлчилж буй нэгэн жигд цагаан өнгийн канттай, симпортой шинэ таксинуудыг хараад сэтгэл их хөдөлж билээ. Тухайн үед  жолооны курс төгсөөд удаагүй байсан учраас машин барихын бөөн хүслэн байлаа. Тэгээд л зориг гаргаж ажлаасаа гараад  2012 оны зургадугаар сарын 14-нд компанидаа түрээсийн жолоочоор орж байлаа. Хүн үнэхээр дуртай л байвал бүх зүйл болдог юм билээ. Анх 108 мянган төгрөгийн цалинтай таван жилийн гэрээ байгуулаад машинаа авч байсан. Түүнээс хойш зургаан жилийн хугацаанд хоёр ч машиныг өөрийн болгож авсан байна.  

Таксинд минь суусан анхны үйлчлүүлэгч сэтгэлээс ерөөсөө гардаггүй юм. Баянмонгол хорооллоос олон хүүхэдтэй гэр бүлийг суулгаад салхивчаараа нэвт салхи татуулаад давхиж байхад үүлэн дээгүүр хөвж байгаа юм шиг мэдрэмж төрж байлаа. Тэр цагаас хойш байнгын үйлчлүүлэгч олонтой болжээ. Олон түмнийхээ талархлын үгсээр сэтгэл оюунаа баясгаж, ар амьдралаа хэнээс гуйхгүйгээр авч явсаар өдийг хүрлээ” хэмээн даруухан хүүрнэсэн юм.

Түмэн наст хээгээр эмжиж, өлзий хээ голд нь шагласан “Алтан булаг” хивсээр зорчигчийн суудлаа бүтээсэн Д.Мягмаржав эгчийн мөнгөлөг саарал өнгийн такси үнэхээр тухтай цэвэрхэн аж. “Цэвэрхэн машинд суусан хүн муухай суудаггүй юм. Би нэг удаа үйлчлээд өнгөрөх биш. Миний машинд суусан хүн “Улаанбаатар такси” компанийн такси сайхан юм гэж дахин дахин үйлчлүүлээсэй гэж хүсдэг” гэж хэлснээс үзвэл ажилдаа туйлын хайртай, чин сэтгэлээсээ хийдэг болох нь харагдаж байв. Хүн ажлыг голдоггүй, ажил хүнийг голдог гэдэг л энэ аж. “Насны туршлага уу ажлын туршлага уу аль нь болохыг мэдэхгүй. Таксинд минь суусан зорчигчийнхоо сэтгэл зүйн байдал, хүсэл сонирхлыг хараад л мэдчих шиг болдог. “Сайн байна уу та. Хаана хүрэх вэ” гэсэн асуултын хариулт их зүйлийг хэлж өгдөг юм шүү” хэмээн өгүүлсэн юм. Өнгөрсөн хавар Д.Мягмаржав эгчийн таксинд 30 орчим насны костюмтай ганган залуу суугаад хэсэг явж байснаа “Эгчээ та түр бууж байхгүй юу. Би ганцаараа хэсэг суумаар байна” гэж хэлжээ. Машинаасаа буугаад янз бүр болчих вий хэмээн ажигласан ч тэр залуу үг сүггүй баахан уйлсан байна. Хадам ээжийнхээ шахалтаас болоод гэр бүлээсээ салахад хүрснээ ярьж, та ээж шиг минь санагдсан учраас сэтгэлээ нээчихлээ. Ийм хүнд байдалд байгаагаа өөр хэнд ч, бүр эхнэртээ ч хэлж чадахгүй байсан юм хэмээсэн гэдэг. Энэ мэт уурлаж бухимдсан, баярлаж хөөрсөн, гунигласан, эмгэнэсэн янз бүрийн зорчигч таардаг хэдий ч залхаж шантралгүйгээр зорчигч бүрт чин сэтгэлээсээ үйлчилсээр солонгот амьдралын гэрч болжээ. 
Цэвэрхэн, тохилог, найрсаг сайхан үйлчилгээг ард иргэдээ үзүүлж буй Д.Мягмаржав эгчийнхээ ажил амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.