ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ш.Алтантуяа агсны аав Хүний эрхийн байгууллагуудаас тусламж хүсэв

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-10-19

Одоогоос 14 жилийн өмнө буюу 2006 оны аравдугаар сарын 19-ны өдөр Малайз улсад орчуулагчаар ажиллаж байсан Ш.Алтантуяа бүсгүй бусдын гарт зэрлэгээр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тус улсын Ерөнхий сайд Нажибын захиалгаар уг хэргийг хоёр цагдаагийн албан хаагч үйлдсэн гэдэг нь шат шатны шүүхээр тогтоогдож, хэргийг үйлдсэн цагдаагийн албан хаагч Назилах мэдүүлгээрээ түүний захиалгаар гүйцэтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Гэсэн ч Нажиб энэхүү мэдүүлгийг няцааж, дээд тэнгэрийг дуудан ямар ч буруугүй хэмээн өөрийн твиттер хуудсаараа жиргэсэн байдаг. Тэгвэл Нажибын зүгээс өөрийг нь буруутгасан Азилахын мэдүүлгийг няцаах хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийг энэ сарын 21-ний өдөр хэлэлцэх тов гарсан. Харин Азилах Хадригийн гаргасан дахин шүүлгэх хүсэлтийг ирэх арванхоёрдугаар сарын 8-ны өдөр шүүхээр сонсгол зохион байгуулахаар болсон билээ.

 

...Нажиб энэхүү мэдүүлгийг няцааж, дээд тэнгэрийг дуудан ямар ч буруугүй хэмээн өөрийн твиттер хуудсаараа жиргэсэн байдаг. Тэгвэл Нажибын зүгээс өөрийг нь буруутгасан Азилахын мэдүүлгийг няцаах хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийг энэ сарын 21-ний өдөр хэлэлцэх тов гарсан...

 

Өнөөдөр харин охиныхоо хэргийг шийдүүлэхийн төлөө 14 жил зүтгэж яваа С.Шаарийбуу гуай уриалга гаргаж, хэргийг үнэн зөв шийдүүлэхийн төлөө Дэлхийн хүний эрхийн байгууллагуудад хандан уриалга гаргажээ. Тэрбээр уриалгадаа “Энэ хэргээс үүдэн Монгол-Малайзын харилцаа “царцанги” байдалд хүрсэн. Малайзын ард түмэн төр засаг, хууль шүүхээсээ шударга шийдвэр гарган Малайз орны алдагдсан нэр хүндийг сэргээхийг хүсэж байна. Энэ хэргийг хэрхэн шийдвэрлэхийг дэлхийн ард түмэн анхаарлын төвд байлгасаар байгаа.

Хэргийг хэзээ эцэслэн шийдэж, малайзын төр монголчуудаас уучлалт хүсэх вэ. Энэ хэргийг эцэслэн шийдэхэд дэлхийн улс түмнүүд , хүний эрхийн байгууллагын олон талт дэмжлэг хэрэгтэй байна” хэмээжээ. Эргэн сануулахад, энэхүү хэргийг үйлдэх үедээ Азилах нь Нажибын бие хамгаалагчаар ажиллаж байсан бол хамт хэрэг үйлдсэн Сирул Азхар Умар нь 2015 онд шүүх хурал болохоос өмнө Малайзаас дүрвэсэн бөгөөд өдгөө Австралид амьдарч байгаа юм. Тэрбээр, өнгөрөгч онд улс төрийн орогнол хүссэн ч хүлээж аваагүй юм.