ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Осолд орсон, сэлбэг нэрээр орж ирсэн автомашиныг шинэ гэж зардаг зөрчлийг арилгалаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-10-19

“Ebarimt” аппликейшн ашиглан импортоор орж ирсэн автомашины гаалийн мэдээлэл, түүхийг харах боломжтой болсон талаар ШӨХТГ, Сангийн яамны дэргэдэх Гааль, татвар санхүүгийн мэдээлэл технологийн төв, “Гэрэгэ” системийн удирдлагууд мэдээлэл хийв. Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй 935 мянган тээврийн хэрэгсэл байдгаас хөдөлгөөнд оролцож буй нь 735  мянга байдаг аж. Үүний 76 хувь нь 10 болон түүнээс дээш жилийн насжилттай, 0-3 жилийн насжилттай нь дөнгөж 3 хувь л байгааг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ онцоллоо.

Тэрбээр, “2019 оны байдлаар 60 гаруй мянган тээврийн хэрэгсэл улсын хилээр орж ирсэн. Үүний 85-90 хувь нь хуучин буюу хэт хуучин тээврийн хэрэгсэл байна. Тиймээс осолд орсон, цацрагийн бүсээс ирсэн тээврийн хэрэгслийг хэрэглэгчид шинэ гэж худалдан авч байгаа зөрчлийг арилгах зорилгоор өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Сангийн яамны харьяа Гааль татварын санхүүгийн мэдээлэл технологийн хэлтэст хүсэлт тавьсны үндсэн дээр өнөөдрөөс энэхүү аппликейшныг ашиглалтад оруулж байгаа юм. Мөн Улаанбаатар хотын бүх дүүрэг, 12 аймагт байршиж буй “Гэрэгэ” киоскоос энэхүү мэдээллийг авах боломжтой. Цаашдаа сэлбэг нэрээр оруулж ирээд засаж сэлбээд шинэ гэж зардаг асуудал арилна. Мөн эвдэрсэн ч гэсэн худалдаад авчихдаг буруу хандлага ч арилна” гэлээ.

 

...2019 оны байдлаар 60 гаруй мянган тээврийн хэрэгсэл улсын хилээр орж ирсэн. Үүний 85-90 хувь нь хуучин буюу хэт хуучин тээврийн хэрэгсэл байна. Тиймээс осолд орсон, цацрагийн бүсээс ирсэн тээврийн хэрэгслийг хэрэглэгчид шинэ гэж худалдан авч байгаа зөрчлийг арилгах зорилгоор өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа...

 

“Ebarimt” системд өнөөдрийн байдлаар төрийн есөн байгууллагын 136 үйлчилгээ нэвтэрчээ. Үүнээс гадна 1.7 сая иргэн улсын хилээр орж ирсэн автомашин улсын хилээр орж ирэхдээ хэдэн км зам туулсан, аль улсад үйлдвэрлэгдсэн, хулгайн машин мөн эсэх, мөн осолд орсон уу гэх мэт мэдээллийг аппликейшн ашиглан хүргэх юм байна. Иргэд автомашин худалдан авахдаа аппликейшны “Төрийн үйлчилгээ” хэсгийн Гаалийн ерөнхий газар хэсэгт “Тээврийн хэрэгслийн бүртгэл” гэсэн хэсэгт арлын дугаараа оруулснаар автомашинаа шалгах боломжтой юм. Өнөөдрийн байдлаар 2020 оны дөрөвдүгээр сарын 01-нээс хойшхи автомашины бүх бүртгэлийг оруулжээ. ШӨХТГ-ын зүгээс Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтад албан бичиг хүргүүлсэн бөгөөд ингэхдээ тухайн автомашин гааль дээр буухдаа ямар байсныг дөрвөн талаас нь гэрэл зургаар баримтжуулан Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэсэгт байршуулах хүсэлт гаргасан байна. Мөн Япон, Солонгосын Элчин сайдын яамдуудтай харилцан уулзалт хийсний үр дүнд Монгол Улсын хилээр орж ирэхээс өмнө тухайн автомашин эдгээр улсад явж байсан түүхийг нээх боломжийг судалж байна хэмээлээ.