ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН бүлэг: Монгол Улс 73 төрлийн халамжид 1 их наяд 653 сая төгрөгийг зарцуулж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-10-19

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар 2021 оны төсвийн төсөл болон энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийг хэлэлцэж, байр сууриа нэгтгэжээ. Бүлгийн гишүүдийн зүгээс Сангийн яамны холбогдох мэргэжилтэн, ажилтнуудыг дуудан төсвийн талаар нэгдсэн мэдээлэл авах хүсэлт гаргасан ч тэд хуралд ирээгүй аж. Тиймээс Засгийн газар, УИХ-д хандана гэлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “2021 оны төсвийн зарлагыг эргэн харах шаардлагатай. 2020 оны төсөв 13 их наяд байсан бол 2021 оны төсөв 14 их наяд гаруй буюу даруй нэг их наядаар давсан зарлагатай, дөрвөн жилийн өмнөхөөс хоёр дахин нэмэгджээ. Сонгуулийн жилүүдэд төсвийн зарлага нэмэгдэж байгаа нь асуудал дагуулж байгаа юм. 2021 оны төсвийн алдагдал нь 2.1 их наяд байгаа.

Угтаа 2020-2024 онд  Монгол Улсын төсөв нийтдээ 10 их наядын алдагдалтай байх нь ээ. Засгийн газрын өр долоон тэрбум 891 сая ам.долларт хүрсэн учраас цаашдаа алдагдлаа нэмэхгүй, өрөө нэмэхгүй байхаас ажлаа эхлэх ёстой юм. Халамжийн бодлого хэтэрхий хавтгайрч хяналтаа алдсан байна. Өнөөдөр Монгол Улс 73 төрлийн нэг их наяд 653 сая төгрөгийн халамж өгч байна” гэлээ. Мөн сонгуулийн жил дуусах буюу 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл хүүхдийн мөнгө тавьсан байна. Хэрэгцээ дуусахаар харилцаа дуусдаг гэгчээр сонгуульд зориулж хүүхдийн мөнгө нэмдэг, сонгууль дуусахаар хасдаг байж болохгүй гэж АН-ын бүлгийн гишүүд үзжээ. 

Харин УИХ-ын гишүүн Б.Бейсен Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төсөлд зургаан удаа нэмэлт өөрчлөлт орсон ч эм, эмнэлгийн хэрэгсэлд хяналт тавих байгууллагын зарим албадыг хэн хариуцах нь тодорхойгүй байгаа асуудлыг хөндлөө. Өөрөөр хэлбэл, зарим эмнэлгийн байгууллагын тоног төхөөрөмжийг авахад заавал нэг байгууллага, компаниас авах ёстой болдог. Тэр нь зах зээлийн үнээс давсан үнэтэй гэх мэт асуудал байгаа учраас үүнийг тодорхой болгох ёстой. Тендерийн будилааныг цэгцлэх ёстой гэлээ.